sonin.mn

Ажил хаяад буй автобус компанийнхан орлогыг 70 хоног  өгөхгүй саатуулсан хэмээх мэдээллийг “Улаанбаатар Смарт Карт” ХХК-иас няцаав.

Тэд Худалдаа Хөгжлийн банкаар дамжуулан гүйлгээ хийж байгаа бөгөөд өдөрт 180-200 сая төгрөгийг 21 аж ахуйн нэгжид олгож байгаа хэмээн мэдэгдэв.

“Улаанбаатар Смарт Карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн захирал Р.Ган-Эрдэнэ ярихдаа, “Манай байгууллага бол смарт карт нэвтрүүлсэн хэрэгжүүлэгч байгууллага. Түүнээс биш шийдвэр гаргадаг байгууллага биш .Смарт карт  системийг  суурилуулснаас хойш автобус компаниудын  орлого илүү ил  болж шилэн данс руу шилжсэн. Манай байгууллагыг 2 сар орлого өгөөгүй хэмээн ташаа мэдээлэл гаргасан нь харамсалтай. Бид 3-8 хоногт багтаан мөнгийг нь өгч байна.

Өөрөөр  хэлбэл энэ сарын  3-ны орлогыг энэ сарын  7-нд  өгнө гэсэн үг.  Өдөр болгон 21 компани руу орлого шилжүүлдэг. Яагаад өдрийн орлогыг өдөрт өгөхгүй байгаа гэвэл Худалдаа Хөгжлийн банкнаас манай данс руу шилжүүлснээр бид хуваарилалт хийдэг. Эдний банк ачаалалтай ажиллаж байгаагаас болж 8 хоног болж сунгаж байсан. Бэлэн мөнгөний орлогыг тус банк автобус баазууд дээр очиж, цуглуулаад, тоолж лацаддаг.

Смарт карт нэвтэрснээс хойш нийт 10 тэрбум 775 сая 798 мянга 15 төгрөг бүрдсэнээс  зохих журмын дагуу хуваарилалт хийсэн. Нийслэлийн Аудитын Газраас тогтмол шалгалт хийдэг. Манай компани 10 хувийн ашиг авдаг нэртэй ч 3.5  хувь нь бодитоор буудаг. Тухайлбал аж ахуйн нэгжийн татварт 1 хувь нь карт цэнэглэлтэд 1 хувь, сүлжээнд 1 хувь, засвар үйлчилгээний зардал гээд маш олон зүйлд зарцуулдаг” гэв.

Смарт карт компаниас 21 аж ахуйн нэгжид шатахуун авах мөнгөгүй болоод байна гэсэн хүсэлтийн дагуу 3 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

Дашрамд дурдахад өдөрт нийтийн тээврээр 700 мянган иргэн үйлчлүүлдгээс 30 хувь буюу 200 мянга нь дамжин суудаг  байна.

Мөнгө хуваарилсан тайланг хавсаргав: 10 дугаар сар

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг