sonin.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа намрын ургац хураалтын талаар мэдээлэл хийв.

Энэ онд улсын хэмжээгээр 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 360.7 мянган га-д будай, 12.5 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 78.5 мянган га-д тосны ургамал, 19.5 мянгаг га-д тэжээлийн ургамал, 5.4 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 512.3 мянган га-д тариалалт хийсэн байна. Урьдчилсан балансаар 265.0 мянган тонн үр тариа, үүнээс 252.3 мянган тонн буудай, 117.3 мянган тонн төмс, 75.3 мянган тонн хүнсний ногоо, 28.7 мянган тонн тосны ургамал, 53.9 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авч гурил үйлдвэрлэлд 186.3 мянган тонн буудай нийлүүлэх төлөв гарчээ.

Төмс, хүнсний ногооны хураалт 8 дугаар сарын 25-наас, үр тариа, тэжээлийн таримлын хураалт 9 дүгээр сарын 08-наас жигдэрч эхэлсэн. Энэ сарын 2-ны байдлаар улаанбуудайн хураалт 37.6, төмсний хураалт 75.6, хүнсний ногооны хураалт 74.7 хувьтай байгаа аж. Нийтдээ 108.3 мянган га-гаас 92.0 мянган тонн буудай, 9.2 мянган га-гаас 112.5 мянган тонн төмс, 4.8 мянган га-гаас 52.8 мянган тонн хүнсний ногоо, 10.8 мянган га-гаас 16.5 мянган тонн тэжээл, 8.2 мянган га-гаас 4.4 мянган тонн тосны ургамал тус тус хураан авчээ. Ургац хураалтын талбайн ажлыг энэ сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэйгээр ажиллаж байгаа гэнэ.

Сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж санал хэлэхэд салбарын сайд болон ажлын хэсгээс хариулт өглөө.

УИХ-ын гишүүн Су.Батболд, "Мэдээллийн үеэр гишүүдийн ярьсан асуудал, ялангуяа үрийн буудайг оруулж ирж байгаа болон атар газартай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдал хүнд байна. Төрийн захиргааны байгууллагуудын зүгээс зохион байгуулалттай арга хэмжээ авах, тариаланчидтай газар дээр нь очиж ажиллах ажлыг зохион байгуулах нь зүйтэй. Мөн үтрэм дээр бууж байгаа тэжээлийн буудайг борлуулах сүлжээн дээр төр, засгийн байгууллага онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Тариалангийн тухай хуулийн төслийг яаралтай өргөн барих шаардлагатай байна.

Хуулийн төсөл өргөн баригдаагүй учраас Хүнс, ХАА-н талаар баримтлах бодлогыг хэлэлцэх асуудал хүлээгдэж байгаа. Тариалангийн тухай хуулийн төсөл болон Хүнс, ХАА-н талаар баримтлах бодлоготой холбогдуулан байнгын хорооноос ойрын үед хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Яамны зүгээс байнгын хорооны гишүүдэд ургац хураалтын явц байдлын талаарх мэдээллийг долоо хоног бүр өгч байх нь зүйтэй" гэсэн санал хэлэв.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг