sonin.mn

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал хангах асуудал эрхэлсэн дэд хорооны дарга Ж.Амарсанаа нарын хүмүүс транс өөхний хэрэглээнээс татгалзахыг уриаллаа.

Ж.Амарсанаа ярихдаа, “Шингэн хэлбэрт байгаа тосыг химийн урвалд оруулан хатуу болгосныг транс өөх гэдэг.  100 гаруй жилийн өмнө ургамлын тосыг хатууруулах аргыг нээж, хүнсний хэрэглээнд хувьсгал авчирсан гэж бахархаж байлаа. Тодруулбал шингэн тосыг  тасалгааны хэмд хайлахааргүй хатууруулснаар масло, маргарин бүхий бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалах, үнийг нь хямдруулах, амтыг нь сайжруулах боломжтой болж, хүн төрөлхтөн өргөн хэрэглэх болсон.

Гэтэл ингэж үйлдвэрийн аргаар гаргаж авсан транс өөх хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа талаар 1990 оноос хойш ярьж байна. Зохиомлоор гаргаж авсан транс өөх зүрх судасны өвчин, үргүйдэлт, алцхаймэрийн өвчин, чихрийн шижин, зарим төрлийн хавдар, умай салстах зэрэг өвчлөлийн эх үүсвэр болдгийг тогтоосноос хойш транс өөхний хэрэглээнээс улс орнууд татгалзахыг оролдож байна.  

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага нэг хүн өдөрт 2 граммаас илүү транс өөх хэрэглэхгүй байхыг зөвлөж байснаа 2009 онд энэ шийдвэрээ эргэн харж, хүнсний бүтээгдэхүүнд транс өөх хэрэглэхээс ор тас татгалзахыг санал болгосон. Транс өөхний хэрэглээг хоёр хувь нэмэхэд инфарктаар өвдөх магадлал 23 хувиар нэмэгддэгийг эрдэмтэд тогтоосон. Хүнсний маш олон бүтээгдэхүүнд хэрэглэдэг транс өөх нь хүүхдийн хөгжилд маш хортой нөлөөлдөг” гэв.

Транс өөх нь  вафли, бялуу, чихэр, бэлэн гоймон, чипс, зайрмаг, зарим төрлийн сүүн бүтээгдэхүүн, талх, боовны найрлагад их хэмжээсээр агуулагддаг байна. 

Манай  хүнс үйлдвэрлэгчид шошгон дээрээ транс өөх агуулсан талаар тайлбар огт тавихгүй байгаа учраас салбарын байгууллагууд хамтран ажлын хэсэг байгуулж, транс өөхний хэрэглээг зохицуулах стандарт боловсруулахаар болжээ.

Дашрамд дурдахад Оросын эрдэмтэд чихэрт 20 хувь, шоколадтай бялуунд 30 хувь, масло, маргаринд 20-иос дээш хувийн транс өөх байдгийг тогтоожээ.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг