sonin.mn

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тус яаманд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан үе үеийн ахмадуудаа 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Уулзалтад  үе үеийн 160 гаруй ахмад хүрэлцэн ирсэн бөгөөд Л.Пүрэвсүрэн сайд салбарын бодлого, үйл ажиллагаа, хийж буй ажлынхаа талаар танилцуулж, тэдний арвин туршлага, санал сэтгэгдлийг сонсов.

Сайд хэлэхдээ, “Ахмадууд та бүхэн төрийнхөө алтан аргамжааг бөхөлж, орчин цагийн дипломат албыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, улс орныхоо гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оюун ухаан, мэдлэг чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн.  ГХЯ, түүний системийн байгууллагуудын хамт олон улс орны гадаад бодлогын салбарт та бүхнийхээ эхлүүлсэн үйл хэргийг үргэлжлүүлж буй.

Бид даяаршлын эрин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай Монгол Улсын тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөтгөн хөгжүүлэх, гадаад харилцааны эдийн засгийн үр өгөөжийг улам бүр дээшлүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эх орноо дэлхий дахинд сурталчилан таниулах, хилийн чанад дахь иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, олон улс, бүс нутгийн олон талт хамтын ажиллагааны бүтцэд идэвхтэй оролцох чиглэлээр идэвхийлэн ажиллаж, тодорхой үр дүнд хүрч байна.

2014 оны 10 дугаар сард Италийн Милан хотноо хуралдсан АСЕМ-ын Дээд түвшний уулзалтаас АСЕМ-ын 20 жилийн ой тохиох 2016 оны 11 дэх Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах шийдвэр гарсан. Энэхүү чухал арга хэмжээг амжилттай зохион байгуулахын тулд Засгийн газрын хэмжээнд онцгой ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд ГХЯ –ны хүлээх үүрэг, хариуцлага өндөр байх учраас бид та бүхнийхээ мэргэн сургааль, санаа сэтгэгдлийг сонсож, хамтран ажиллахдаа бид таатай байх болно”  хэмээв.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг