sonin.mn

Монгол Улсад гэрэл зураг үүсч хөгжсөний 80 жилийн ойн баярын үйл ажиллагаа  энэ сарын 4-нөөс эхлэн 10 хоногийн турш үргэлжилж байна.

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо ойн баярыг угтан МСНЭ болон Оюуны өмчийн газартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд гэрэл зурагчдын ёс зүйн дүрмээ баталжээ.

Ойн баярын хүрээнд ахмад гэрэл зурагчин Ж.Даваасамбуугийн “Жаранг түүхэлсэн агшин” гэрэл зургийн үзэсгэлэн Q арт галерейд нээлтээ хийсэн юм. Маргаашнаас эхлэн  гэрэл зурагчин Б.Болор-Эрдэнийн “Шүтээн”, Г.Ган-Өлзийгийн “Нүүдэлчин Монгол” болон 140 гэрэл зурагчин оролцон “Монголын гэрэл зураг-80 жил” үзэсгэлэн үргэлжлэн гарах юм.  Үзэсгэлэн бүр өөрийн гэсэн онцлогтой аж.

Мөн ойн баярт зориулан 100 гаруй гэрэл зурагчны намтар, 400 гаруй уран бүтээлийг багтаасан “Монголын гэрэл зурагчид 1935-2015” номыг бүтээжээ. Түүнчлэн гэрэл зургийн техник хэрэгслийг сурталчлах  үзэсгэлэн худалдаа болох юм.

Мөн цаашид МУБИС-ийн профессорын багтай хамтран сэтгүүл зүйгээр суралцаж буй оюутнуудыг  гэрэл зургаар мэргэшүүлэх анги нээх,  гэрэл зурагчдын хамтарсан цомог хэвлүүлэх, ахмад гэрэл зурагчдын хальсыг архивлах зэрэг ажлыг төлөвлөжээ.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг