sonin.mn

Худалдан авах ажиллагааны газар байгуулагдаад 3 жил болж буй бөгөөд энэ хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагналаа.

Тус газраас зохион байгуулсан худалдан авах ажиллагааны хүрээнд нийт 726.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 726 багцад 684.8 тэрбум төгрөгийн гэрээ байгуулан, 42.7 тэрбум төгрөгийн төсвийг хэмнэжээ. Түүнчлэн  худалдан авах ажиллагааны үйл явцыг шуурхай, олон нийтэд хүртээмжтэй болгох үүднээс нийт  тендерийн 22 хувийг цахим хэлбэрээр зохион байгуулсан байна. Мөн “Нэг цэгийн үйлчилгээний төв”-өөр нийт 53 мянга гаруй  иргэн, байгууллагад худалдан авах ажиллагаатай холбоотой зөвлөгөө өгсөн байна.

Цахим худалдан авах ажиллагааны системийг бий болгосноор  тендерт оролцогч аж ахуйн нэгжүүд тендерийн баталгааг хуурамчаар хийх боломжгүй болсноос гадна  Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн системээс тендерт оролцогч аж ахуйн нэгжийн мэдээллийг авах боломж бүрдсэнээр тендерт оролцогчдын санхүүгийн тайланг тендерийн саналд оруулах шаардлагагүй болжээ.

Дэлхийн банкны “Олон салбарыг хамарсан техник туслалцааны төсөл”-ийн хүрээнд  тус газрын ил тод байдлыг хангах, чадавхыг бэхжүүлэх зорилт бүхий дэд төслийг хэрэгжүүлжээ. Уг төслийг хэрэгжүүлснээр дотоодын зөвлөхүүдийг гэрээгээр ажиллуулж, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх сургалтад хамруулсан төдийгүй цахим тендер шалгаруулалт зохион байгуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулсныг тодотголоо. Худалдан авах ажиллагааны газрыг байгуулснаар төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, шударга зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах нөхцлийг бүрдүүлсэн гэж удирдлагууд нь үзэж байна. Тухайлбал авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээг жил дараалан ахиулсан хэмээн албаныхан онцлов.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг