sonin.mn

Ойрмогхноос хэвлэл, цахим хуудсаар монголчуудын тэтгэвэрт гарах насны хязгаарыг нэмэх тухай үнэн худал нь мэдэгдэхгүй, уг эх нь  тодорхойгүй мэдээлэл гарах боллоо. Аз болоход “орос ах” нар маань ч бас ийм ажил хийх гэж байна. Гэхдээ дараахь судалгааг үндэслэн тогтоох гэнэ.


-    Эхлээд хүн амынхаа дундаж наслалтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр яв цав тогтоох
-    Дараа нь тэтгэврийн өмнөх буюу 30-50 насны бүх иргэдээ эрүүл мэндийн цогц үзлэг шинжилгээнд хамруулж, бараг л хэд хүрэхийг нь хүн тус бүрээр нь гаргах
-    ХАА-н салбарын технологийн хөгжил, хөрсний шимт чанарт судалгаа хийж, тариа будааны чанарын ирээдүйн төлвийг тооцоолох
-    Ундны болон ахуйн хэрэглээний усны чанар, хүрэлцээний хэтийн төлвийг харгалзан үзэх
-    Оршин амьдарч буй газар, нутгийнх нь ирэх 20-50 жилд  учирч болох хүрээлэн буйр орчны доройтлын түвшинг тооцоолон хүн амын эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг нь тогтоох
-    Эмнэхүйн шинжлэх ухааны хөгжлийн түвшин, эмчилгээний технологийн хөгжил эрүүл мэндийн салбарт нэвтрэх ирээдүйг харгалзах
-    1 хавтгай дөрвөлжин талбайд ногдох хүний тоог бүс тус бүрээр нь гаргах
-    Хүн амын өсөлтийн хувийг тооцоолох
-    Нийгмийн сэтгэлзүйн ирээдүйн төлвийг урьдчилан таамаглах
-    Хүн амын хилийн чанад руу болон дотооддоо шилжин суурьших хэмжээг тооцоолох
-    Улс орны эдийн засгийн хөгжлийн 20-30 жилийн өсөлтийг тооцоолж, хүн амын эрүүл мэндэд  хэрхэн нөлөөлөхийг нь тооцоолох
-    Улс орны аюулгүй байдлын гадаад орчинд бий болзошгүй сөрөг нөхцөл байдлыг тооцоолох томоохон дайн, мөргөлдөөн гэх мэт.

    “Ах нар” дээрх судалгаагаа хийгээд баахан тоотой болж аваад тэрийгээ нэг системд оруулан одоо байгаа насны хязгаарыг хэд хүргэх хариугаа математик аргаар гаргаж авах гэнэ. Хариу нь хасах гарвал одоогийн насны хязгаарыг наашлуулах, нэмэх гарсан хэмжээгээр нь хэдэн сараас, хэдэн жилээр нэмэхээ тооцоолж гаргах аж. Тэгээд л эцсийн хариуг нь ДУМ (УИХ)-даа өгөөд ДУМ-ын гишүүд нь хууль гаргаад л шийдэх аж. 

Ах нар тэтгэврийн насны хязгаарыг бүс нутаг бүрээр нь өөр өөр тогтоох тухай ярьж байна. Манайхаар бол уул ус жигдэрсэн Булганы Тэшигт байгаа нөхөр 100 хүрч байж тэтгэвэрт гарах бол улаан шороо эргэсэн Өмнөговийн Ханбогдынхон 30 хүрэхгүй тэтгэвэрт гарах юмдаг аа даа.

Манай НХХЯ ч тэтгэврийн насны хязгаарыг хөдөлгөх шийдвэрээ мөн ингэж нарийн судалгаа хийж гаргаж байгаа гэдэгт гүнээ итгэнэм. Манайхан заримдаа залхуурч “монгол хүний хээгүй зан”-аар хэн нэгэн бүдүүн даргын хурлын ширээний араас хэлсэн тоог “даргынх дандаа зөв” гээд туучихдаг зантай шүү.

Р. Цэцэгээ