sonin.mn

Монголын багш нарын 49 дахь өдрийн баярыг тохиолдуулан аймгийн ЗДТГ, БСГ хамтран “Ахмад залуу багш нарын уулзалт”-ыг  10 дугаар сарын 02-нд “Саран хөхөө” театрт зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд аймгийн боловсролын салбарт ажиллаж байсан үе үеийн ахмад багш нар болон багш хэмээх алдрыг өргөж яваа залуу  багш нар, сурган хүмүүжүүлэгчид оролцсон юм.

Багш нар боловсролын чиглэлээр сүүлийн үед орон нутагт гарч буй шинэчлэл өөрчлөлтүүд, тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцсон төдийгүй ахмад багш нараа алдаршуулах, тэднээс туршлага судлах, залуу багш нарт урам зориг өгөх гээд олон сэдвээр ярилцсан юм. 

Багш нарын ярьж буйгаар аймгийн боловсролын салбарт сүүлийн жилүүдэд амжилт бүтээл дүүрэн байгаа бөгөөд Кембрижийн үндэсний лаборатори сургуулиар шалгарсан улсын хэмжээний 31 сургуулийн хоёр нь  Дорноговь аймгийн  Сайншанд сумын II сургууль, Замын-Үүд сумын I сургууль болсон байна. Мөн “Багш авьяас”, “Ном”,  “Авъяас”  зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, сургалтын шинэ орчныг бүрдүүлэх, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарсан, төрөл бүрийн дугуйлан, сонгоныг амжилттай  хичээллүүлсэн багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдсэн, мэргэжлийн багшийн хангамж нэмэгдсэн, сургууль бүр багшийн хөгжлийн төвтэй болсон гээд салбарын ажилтан, ажиллагсад багш сурган хүмүүжүүлэгчдийн дэмжлэг оролцоотойгоор хийгдсэн олон ажил байгааг онцлов.

Мөн орон нутгаас сургууль, цэцэрлэг, дотуур байрны тоог нэмэгдүүлэх, өргөтгөх замаар хүүхдийн ая тухтай сурч хүмүүжих орчныг бүрдүүлэх зорилтыг хүрээнд 2009-2015 онд шинээр 15 цэцэрлэг, гурван сургууль, есөн дотуур байрыг барьж ашиглалтад оруулсан нь ихээхэн дэвшилттэй ажил болсон байна.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ахмад багш Т.Батсүрэн, Д.Цээпил нар “Алтан гадас” одонгоор шагнуулсан бол “Хөдөлмөрийн хүндэт  медаль”-иар ахмад багш Б.Наранчулуун шагнуулав. Мөн ахмад багш Г.Сандагсүрэн БСШУС-ын тушаалаар “Тэргүүний ардын авьяастан” цол тэмдгээр,  ахмад багш О.Чинлүү “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр, ахмад багш Ш.Бямбадорж “Ардын боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнуулав. 

Эх сурвалж “Монцамэ” агентлаг