sonin.mn

Орон нутагт эмнэлгийн үйлчилгээг сайжруулах, хавдар өвчнөөр өвдсөн эмчлүүлэгсдэд химийн эмчилгээг ойртуулах зорилготой тасаг Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлэгт байгуулагдлаа.

Сүхбаатар ХААН банкны захирал асан Жаргалсайханы үр хүүхдүүдийн санаачилгаар Хавдрын хими эмчилгээний 6 ортой тасаг АНЭ-д байгуулагдан өнөөдөр нээлтээ хийлээ.
Тус аймгийн хувьд хавдрын өвчлөл, нас баралтын тоогоор улсад дээгүүр ордог. Өнгөрсөн жилд 161 хүн хавдраар өвчилж, 127 хүн нас барсан нь хүн амын тоотой харьцуулахад өндөр үзүүлэлт болоод байгаа юм.

"Жаргалсайхан ирээдүй" сангаас санаачлан аймгийн нийт ард иргэд, байгууллагуудын хандив, тусламж болон аймгийн ЗДТГ-ын дэмжлэг, ХААН банкны санхүүжилтээр 1 жилийн хугацаанд байгуулагдсан уг тасаг үүдээ нээж буй нь 2 дахь шатлалын эмнэлгийн хувьд чухал ач холбогдолтой ажил болж байгаа юм. ХААН банк сан нь Монгол орон даяар “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 5 дахь жилдээ зохион байгуулж, олон мянган иргэдэд үнэ төлбөргүй үзлэг оношилгоог хүргэсэн билээ. Энэ удаад хавдартай өвчтөнүүдэд хүрэх эмчилгээний чанар хүртээмж, эмнэлгийн орчин нөхцлийг сайжруулах зорилгоор уг төслийг санхүүжүүлсэн байна.

Тасгийн нээлтийн үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ж.Батсуурь, "Жаргалсайхан ирээдүй" сангийн тэргүүн Ж.Зоригтбаатар, ХСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, эрдэм шинжилгээ, сургалт мэдээллийн албаны дарга Ц.Бадамсүрэн, Сүхбаатар Хаан банкны захирал Ц.Адъяабаатар, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга Д.Мөнхзул нарын албаны хүмүүс болон Жаргалсайханы гэр бүл, үр хүүхдүүд, хандив өргөсөн байгууллага, хамт олон, ард иргэд оролцлоо.

Өнгөрөгч 3-р сард тус эмнэлэгт "Итгэл хавдаргүй Монгол" сангийн санхүүжилтээр Хавдрын хөнгөвчлөх эмчилгээний тасаг нээгдэж байсан бол өнөөдөр ийнхүү хими эмчилгээний тасаг нээгдэн иргэд орон нутагтаа хавдрын эсрэг эмчилгээг бүрэн авах боломж бүрдэж байна. Шинээр байгуулагдсан тус тасаг нь зөвхөн Сүхбаатар аймгийн иргэдээр зогсохгүй Зүүн 3 аймгийн зангилаа бүс нутаг учир Хэнтий, Дорнод аймгийн иргэд ч мөн адил эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой юм.

Эх сурвалж “Монцамэ” агентлаг