sonin.mn

УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тарж мэднэ гэсэн яриа улс төрчдийн дунд түгээмэл болж эхэллээ. Энэ нь юун түрүүн УИХ-ын дарга З.Энхболдын  улс төрийн холбоотон болсон Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  улс төрийн холбоотон болсон Ерөнхий сайд асан, Монгол Улсын Сайд, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын зөрчилтэй холбоотой.

 

Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд МҮАН-ыг  МАХН-д дагаар орвол ор, үгүй бол дахиж эвсэх тухай яриа байхгүй тухай ил тод ярьж яваа бөгөөд тодруулбал   “2012 оны сонгуульд амжилттай оролцвол МҮАН МАХН-тай нийлж нэг нам болно гэж тухайн үед МҮАН-ын удирдлагууд ярьж байсан. Тэр санал хэвээр байх. Албан ёсоор больсон гэж хэлээгүй.2012 оны сонгуулийн өмнө ярьсан зүйлээ хэрэгжүүлж, МҮАН МАХН-д ороод сонгуульдаа хамт орцгооё гэсэн саналаа тавьсан. Гэтэл МҮАН-ынхан эмзэг хүлээж авсан, хатуу тулгалт хийсэн гэж үзээд байгаа.”  хэмээсэн юм. Хариуд нь  М.Энхсайхан : “Шударга ёс эвсэлд багтаж байгаа намууд нэгэн улс төрийн хүчин болж болох тухай бидний хооронд яриа байсан. Гэхдээ улс орноо зөв замд гаргах үзэл баримтлалаар нэгдэж чадвал тийм бололцоо бий. Түүнээс биш авилгалыг хамгаалж, том төслүүдээр популизм хийж, тэр тусмаа хувиа хичээж өөрийгөө хамгаалах хэмжээнд улс төр хийх нэгдсэн нам байгуулна гэж бодож байгаа бол энэ бол миний хэмжээнээс хэтэрсэн асуудал юм.” гэсэн билээ.

 

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар М.Энхсайхан АН-аас 5 тойрог авах тохиролцоотойгоор “Шударга ёс” эвслийг тараах хувилбар бий аж. Гэхдээ М.Энхсайхан өмнө нь “Эх орон-Ардчилал” эвслийг мөн тараахад оролцож явсан тул энэ удаад биечлэн зохион байгуулахаас  түтгэлзэж буй бололтой.

Үүнтэй зэрэгцэн Н.Энхбаяр, Б.Тулга нарт гомдсон О.Баасанхүү, иргэний хөдөлгөөнд байх үеийн зарчмаа одоо ч баримталсаар буй Л.Цог, Г.Уянга нар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс гарахаар төлөвлөж буй тухай өчигдрөөс яригдаж эхэллээ. Үүнийг ч нотлох мэт өнөөдөр УИХ-ын гишүүн О.Баасанхүү : “Эвслийг тараагаад ч хамаагүй Засгийн газрыг огцруулна” хэмээн мэдэгдлээ. МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тарах тухай таамаглал тун удахгүй  бодитой болж магадгүй байна. Гол нь үүнийг хэн хэзээ эхлүүлэх вэ? гэдэг нь удахгүй тодорхой болох бололтой. Гэхдээ дээрх хүмүүсээс хэн нь ч "Шударга ёс" эвслийг албан ёсоор тараах үйлдлийг хийсэн бай чухамдаа энэ байдалд хүргэсэн гол буруутан нь бүхэл бүтэн улс төрийн хүчнийг зөвхөн өөрийгөө хамгаалах, хувийн явцуу эрх ашгаа гүйцэтгүүлэх байгууллага болгохоор зүтгэсэн Намбарын Энхбаяр гэдэг нь тодорхой билээ.

П.Мандах