sonin.mn
Эрдмийн их үүд  нээгдсэн  баярт өдөр Монгол улсын хойд хил Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд билгүүн номч их эрдэмтэн Б.Ринчений хөшөө мөнхөд дуурсагдахаар сүндэрлэв.
 Дорноговьчууд ноён хутагт Д.Равжаагаараа, Өвөрхангайнхан өндөр гэгээн Занабазараар, Дундговийнхан уртын дууч Норовбанзадаар бахархдаг бол буурал түүхийн өлгий Сэлэнгэ түмэн маань агуу их эрдэмтэн Б.Ринченээр бахархдаг билээ. Нэрт эрдэмтний 100 насны ойгоор буюу 2005 оны 07 сарын 06-ны өдрийн Монгол Улсын Засгийн газрын 153 тоот тогтоолоор Алтанбулаг сумын сургуулийг  түүний нэрэмжит болгосон.
 
Харин энэ 2015 онд түүний 110 жилийн ойгоор нэрэмжит сургуулийнх нь  үүдэнд их эрдэмтний цээж хөшөөг босгон мөнхжүүлэх үйл ажиллагаа 9 дүгээр сарын 1-ний өдөр тохиолоо.
 
Их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ойг Сэлэнгэ аймаг  даяараа өргөн дэлгэр тэмдэглэж байгаа юм. Тухайлбал ойг угтаж монгол бичгийн улсын олимпиад, “Б.Ринчен 110” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж, их үйлс, дурсгалыг нь мөнхжүүлэх ажлыг Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас явуулсаар ирлээ.
 
Эрдмийн их баярын өдөр давхар тохиож буй эрдэмтэн, зохиолч, сэтгүүлч, угсаатны зүйч, ардын билэг зүйч, түүхч, байгаль шинжээч, хэл шинжлэлийн ухааны ууган доктор, академич Б.Ринчений мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд Алтанбулаг суманд хөшөө дурсгалыг нь мөнхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Ж.Санжжав, Засаг дарга С.Бүрэнбат, БСГ-ын дарга Д.Загдгочоо, ХГБХХ-ийн дарга Д.Оюун, Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй нарын албаны хүмүүс, их эрдэмтний хүү Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, палеонтологийн шинжлэх ухааны доктор, академич Р.Барсболд, ач хүү уран барималч Б.Дэнзэн, ач хүү герман хэл судлаач Б.Лигдэн, Монгол Улсын СГЗ, Ардын уран зохиолч, Б.Ринчений нэрэмжит шагналт зохиолч Т.Галсан, түүхийн шинжлэх ухааны доктор, Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” Ө.Бавуу, “Монцамэ” агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа, МЗЭ-ийн болон “Алтан өд” шагналт зохиолч яруу найрагч Н.Сүхдорж, ахмад зохиолч Л.Банзрагч нарын зочид төлөөлөгчид оролцлоо. Их эрдэмтний нэрэмжит Алтанбулаг сумын ЕБС-д шинэ хичээлийн жилд 787 сурагч 28 бүлэгт суралцах бөгөөд шинээр 1-р ангид 90 сурагч элсэн орж байгаа ажээ.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг