sonin.mn
Эрин интернэшнл” компанийн ”Эрин” хорооллын нэгдүгээр ээлжийн барилгын нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, үг хэллээ.
УИХ-аас баталсан “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас “100 000 айлын орон сууц”-ны хөтөлбөрийг батлан амжилттай хэрэгжүүлж байна. Ирэх 10 дугаар сарын төгсгөлд “Буянт-Ухаа II” хороолол болон хувийн хэвшлийнхний бүтээн босгож байгаа бусад олон хорооллууд сүндэрлэнэ. Өнөөдөр энэ олон бүтээн байгуулалтуудын нэг нь болох “Эрин интернэшнл” компанийн гадны хөрөнгө оруулагчтай хамтран босгож байгаа шинэ хорооллын эхний хэсгийг хүлээн авч байна гээд Монгол Улсын Засгийн газраас барилгын салбарыг дэмжих, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, шинэ техник технологи, стандарт нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг иргэдийн аятай тухтай амьдрах нөхцлийг хангахаар Засгийн газрын зүгээс сүүлийн гурван жил ипотекийн зээл гарган хэрэгжүүлж байна. Энэ хорооллын байрнууд ч ипотекийн зээлд хамрах боломжтой. Эрин хороолол Улаанбаатар хотын өнгө төрхөнд өөрийн өнгийг нэмж, шинэ бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна гээд тус хамт олны цаашдын ажилд нь амжилт хүссэн юм.
 
2013 оны 6 дугаар сараас барилгын ажлаа эхлүүлсэн тус 2000 айлын “Эрин” хорооллын эхний ээлжийн буюу 550 айлын орон сууц ашиглалтад орлоо. Орон сууцны барилгуудаас гадна сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээг иж бүрэн төлөвлөсөн бөгөөд дунд сургууль нь 2016 оны 7 дугаар сард ашиглалтад орох юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.