sonin.mn
МОХ-ны дэд ерөнхийлөгч Н. Санчирбаатараас дараах асуултанд хариулт авлаа.
\
-Монголын оюутны холбооноос их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 20-40 хувиар нэмэгдсэнийг эсэргүүцэж мэдэгдэл хүргүүлсэн. Энэ юу болсон бэ?
 
-Энэ хичээлийн жилийн сургалтын төлбөр огцом нэмэгдсэн. Тухайлбал улсын сургуулиуд эхний дамжааны төлбөрийг 45 хувиар  нэмсэн. МОХ  шаардлага  хүргүүлснээр МУИС, АУШУИС-аас удирдах зөвлөлөө хуралдуулж, сургалтын төлбөрөө дахин нягтална гэдгээ илэрхийлсэн.  Эдгээр сургуулиудын удирдах зөвлөл хуралдаж, шийдвэр гарах хүртэл  бид  арга хэмжээ авсаар байх болно.
 
-Жил болгон хөдөөнөөс ирсэн оюутанд тулгардаг асуудал нь дотуур байр. Хүрэлцээ багатайгаас гадна төлбөр нь өндөр болсон. Энэ тухайд?
 
-Нийслэлийн хэмжээнд 46 оюутны байранд 15 мянга орчим оюутан амьдардаг. Шинээр 19 мянга гаруй элсэгч их дээд сургуульд сурч байна. Урьдчилсан дүнгээс үзвэл нэгдүгээр дамжааныханд дотуур байр хангалттай гэсэн дүр зураг байна. Төлбөрийн тухайд  10 гаруй хувиар нэмэгдсэн. МОХ-ны зүгээс хуучин буюу 40-50 жил насалсан, багтаамж багатай дотуур байрныхаа төлбөрийг нэмэхгүй байхыг  шаардаж байна. Санхүүгээс болж байгаа бол олон улсын төслөөр байраа шинэчлэх боломжийг судлаач гэсэн хүсэлт хүргүүлсэн.
 
-Их, дээд сургуулийн удирдлагын зүгээс шинэ барилга барих газар олдохгүй байна гэдэг?
 
-Жил болгон мөөгөнцөрт идэгдсэн хуучин дотуур байранд засвар хийдэг. Ингэж мөнгөө салхинд хийсгэж байснаас дорвитой шийдвэр гаргаад, олон улсын чанарт нийцсэн оюутны байр барих боломжийг эрэлхийлэх ёстой. Энд зоригтой шийдвэр  дутагдаж байна.
 
-Хичээлийн шинэ жил эхэлчихлээ. Оюутнууд  нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих уу. Хөдөө хотоор нь ялгана гээд байгаа. Үүнд нийслэлийн удирдлагууд  шийдвэрээ гаргасан  уу?
 
-Одоохондоо хариу өгөөгүй байна. Өнөөдөр оюутнууд хуулиар олгогдсон эрхээ эдлэх ёстой. Гэтэл нийтийн тээвэрт хэрхэн зорчих талаар шийдэл алга. Тиймээс оюутан залуучууд дуу хоолойгоо нэгтгэж, өөрийн халааснаас гарсан зардлаа Нийслэлийн удирдлагуудаас нөхөн төлүүлнэ. Энэ шийдвэрийг богино хугацаанд гаргамаар байна.
 
Нийслэлийн удирдлагууд яг ямар хариулт өгсөн бэ ?
 
-Төсөв алга гэж байгаа. Нөгөөтэйгүүр  оюутнуудыг нэг өдөрт хоёр удаа үнэгүй  зорчих ёстой гэсэн байр суурьтай байна. Тухайн жилийн төсөвт тусгаснаар тооцож байгааг хэлсэн. Түүнчлэн нийтийн тээвэр богиносгосон чиглэлтэй болсон үед оюутан нэг автобусаар сургууль руу явах ямарч боломжгүй. Мөн нийслэлийн төсвийн хуулиар хотын иргэнийг санхүүжүүлнэ гэж заасан. Энэ нь Боловсролын тухай хуультай зөрчилдөж байгаа тал бий. 
 
 -МОХ шинэ хичээлийн жилд  “Оюутны бизнес эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд ирэх сарын 5-нд болох “Оюутны өдөр”-өөр юу хийх вэ?
 
-Оюутнуудын дунд  хэрэгжих боломжтой төсөлд бичил зээл олгох  арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд Төрийн банк албан ёсоор оролцохоо мэдэгдлээ. Мөн оюутны өдрөөр Бизнес хөгжлийн төвийн  нээлт болно.
 
Э.Энхсайхан
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг