sonin.mn
 БНХАУ-д Чөлөөлөх дайны ялалт, Дэлхий нийтийн фашизмын эсрэг ялалтын 70-н жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлдэж байна. Үүний хамгийн том арга хэмжээ бол   Бээжин хотноо   гадаадын 10 орны цэрэг оролцож буй Тяньаньмэний тайлбайд болох цэргийн   парад юм.
 
Энэ сарын 3-ны өдөр  болох  энэхүү цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний  75  цэрэг  алхахаар  гадаадын 10 орны цэргүүдтэй хамтарсан жагсаалыг 16 хоног амжиллтай хийж, бэлтгэл үндсэндээ хангагдаад байна.
 
Тэд Тяньаньмэний талбайг дуурайлган бэлдсэн талбайд  7 хоногийн 6 өдөрт, өдрийн 8 цаг бэлтгэл хийж байгаа бөгөөд, цаг агаар  өдөртөө 30-35 хэм байгаа ч манай бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл санаа сайн байна хэмээн парадын багийг ахалж яваа Зэвсэгт хүчний ерөнхий зориулалтын цэргийн штабын дарга, бригадын генерал  Б. Амгаланбаатар ярив.
 
Монгол цэргийн  парадын  хайрцгийг  дэд хурандаа Б. Хаш-Эрдэнэ  командлан алхах юм байна. Тэрбээр  5 дугаар сард Москва хотноо Улаанталбайн парадад мөн оролцжээ.
 
Монгол Улс, ОХУ болон ШХАБ-ын гишүүн орнуудын  цэрэг эрс энэ удаагийн парадад өргөн бүрэлдэхүүнтэй нэг хайрцаг болон  оролцож байгаа бөгөөд зарим орон  нэг эгнээ буюу 7-9 цэргийн бүрэлдэхүүнтэй ч байна.  
 Тэднийг  чөлөөт цагаар нь  Цагаан   хэрэм, урлагийн тоглолт  үзүүлэхийн  зэрэгцээ Хятадын  арми, зэвсэг техниктэй танилцуулжээ.
 
 
Бээжин. Д. Энхчимэг
 
Эх сурвалж: "Монцамэ"