sonin.mn
КИЕВ. /Xinhua/. Украин, АНУ, Молдавын хамтран зохион байгуулж буй "Sea Breeze-2015" олон улсын цэргийн сургуулилт өчигдөр Украины өмнөд нутагт эхэллээ гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
 
Николаев мужийн “Широколанивск” цэргийн баазад нээлтийн ажиллагаа болж, гурван орны тугийг мандуулан төрийн дууллыг эгшиглүүлсэн гэж яам мэдэгдэлдээ дурдав.
 
Хоёр долоо хоног үргэлжлэх газар, далай болон агаарын сургуулилтад нийт 2500 цэргийн ажилтан, албан хаагч оролцож байгаагийн 1000 орчим нь Украины цэрэг ажээ.
 
Николаев болон хөрш Одесса мужид газар болон агаарын сургуулилтыг хийх бол тэнгисийн цэргийн сургуулилтыг Хар тэнгисийн баруун хойд хэсэгт хийхээр төлөвлөсөн байна. Сургуулилтад нийт 14 хөлөг онгоц, найман нисэх онгоц, 90 орчим машин оролцоно.
 
“Sea Breeze” цэргийн сургуулилт 1997 оноос хойш жил бүр Украинд зохион байгуулагдаж ирсэн боловч 2006, 2007, 2009 онуудад сургуулилтыг зохион байгуулаагүй байна.
 
Бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, сургуулилтад оролцогч орнуудын хамтын ажиллагаа болон харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх нь “Sea Breeze” цэргийн сургуулилтын гол зорилго юм.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг