sonin.mn
Чингисийн  талбайд 5 дахь жилдээ  болж буй “Оюутны тангараг өргөх-2015” нэгдсэн арга хэмжээ “Оюутан цэргүүд”-ийн жагсаалаар эхэллээ.  Хууль сахиулахын их сургуулийн 303 дугаар дамжааны оюутан, түрүүч М.Төвшинсанаа тангаргыг чанга дуугаар уншин, оюутнууд давтан тангараглав.
 
Ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л. Гантөмөр, МОХ-ны холбооны ерөнхийлөгч Д. Батбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. 
 
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутан залууст хандан  хэлэхдээ,“Засгийн газраас хэрэгжүүлж буй “Зөв Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд боловсролын салбар шинэчлэгдэж байна.
 
Их, дээд сургуулийн бүтцийн болон хөтөлбөрийг өөрчлөх, ижил төстэй мэргэжлийг нэгтгэх замаар зах зээлтэй уялдуулах, төгсөгчдийг ажлын байраар хангах нөхцөл бололцоог бүрдүүлэхээс эхлээд маш  олон ажил өрнөж байна. Түүнчлэн боловсролын салбарт  улсын төсвийн дөрөвний нэгийг зарцуулж байна” гэлээ.
 
БСШУ-ны сайд Л. Гантөмөр “Дээд боловсролын салбарт хийж буй  гол шинэчлэл нь сайн мэргэжилтэн бэлтгэхэд чиглэж байна. Ингэхийн тулд оюутан залуус сургалтын хөтөлбөрөөс гадна  мэдлэг оюун ухаанаа дээшлүүлэхэд  эрмэлзэх ёстой. Та бүхэн өнөөдөр өргөсөн тангарагаа өдөр бүхэн санаж яваарай” хэмээн онцлов.
 
 Энэ үеэр Төрийн сангийн тэтгэлгийг “Өнөр бүл” хүүхдийг хамгаалах төвөөс төрөн гарсан оюутнуудад олгож тэдэнд БСШУ-ны сайд батламж гардуулсан юм. Өнөө орой Чингисийн талбайд “Оюутны тангараг”-ын баярт зориулан  уран бүтээлчид  ая дуугаа өргөх аж.
 
Э. Энхсайханимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг