sonin.mn
ТОКИО. /NHK/. Японыг эсэргүүцэх дайнд ялалт байгуулсны 70 жилийн ойг тохиолдуулан Бээжин хотноо зохион байгуулах цэргийн парад нь Японыг чиглэсэн үйл ажиллагаа биш юм гэж БНХАУ-аас Японд суугаа Элчин сайд Чөн Юнхуа мэдэгдсэн байна.
 
Өчигдөр тэрбээр Токио хот дахь БНХАУ-ын Элчин сайдын яаманд болсон арга хэмжээний үеэр мэдэгдэл хийжээ. Уг арга хэмжээнд 300 орчим хүн оролцсоны дунд Японы бага эвслийн намын дарга Нацуо Ямагучи, Ерөнхий сайд асан Томиичи Мураяма болон ОХУ, Энэтхэгээс Японд суугаа Элчин сайд нар байжээ.
 
Түүхийн үнэн зөв ойлголттой байх нь Япон болон Азийн хөрш орнууд хоорондын харилцааг сайжруулах чухал үндэс юм гэж Чөн мэдэгдээд, Япон болон БНХАУ урт хугацааны, тогтвортой, бат бөх харилцаа бий болгоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
“БНХАУ-ын зохион байгуулах цэргийн парадын зорилго нь энх тайвныг бэхжүүлж, ирээдүйн замыг нээх зорилготой. Энэ арга хэмжээ Япон эсвэл өөр ямар нэг улсыг чиглэсэн үйл ажиллагаа биш” гэдгийг тэрбээр онцолсон байна.
 
Бээжин хотын Тяньаньмэний талбайд болох уг арга хэмжээнд 30 орны удирдагчид оролцоно гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мөн оролцоно. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ болон АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама уг арга хэмжээнд оролцохгүй ажээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг