sonin.mn
 “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2015” (“WAW! 2015”) энэ сарын 28-29-ний өдөр Токио хотноо болов. Энэхүү чуулга уулзалт Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн санаачилга  дор өнгөрсөн оноос эхлэн болж байгаа юм.
 
Хуралд Либерийн Ерөнхийлөгч, Нобелийн шагналтан Элен Жонсон-Сэрлиф, Япон улсын тэргүүн хатагтай А.Абэ, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Фумзиле Мламбо-Нкүка, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн захирагч Хелен Кларк нарын нийт 40 орон, 8 олон улсын байгууллагын 150 гаруй зочид төлөөлөгчид оролцов. Монгол Улсаас УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Батчимэг нар уригдан оролцлоо.
 
Японы Засгийн газар эдийн засгийн өсөлтийг хангах абэномиксийн бодлогыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд тууштай хэрэгжүүлж ирсэн бөгөөд эл бодлогын тэргүүлэх чиглэлд эмэгтэйчүүдийн нийгэм дэх оролцоог өргөжүүлж, байр суурийг нэмэгдүүлэх зорилт багтаж ирэв.
 
Ш.Абэ “WAW! 2015” бага хурлыг нээж хэлсэн үгэндээ “Абэномикс бол “womenomics”юм. Энэхүү бодлогыг хэрэгжүүлж эхэлснээс хойш манай 1 сая орчим эмэгтэйчүүд хөдөлмөрийн зах зээлд түрэн орж ирж, компаниудын удирдах зөвлөлд багтах эмэгтэйчүүдийн тоо даруй 30 хувиар нэмэгдлээ.Өнөөдөр хөдөлмөр эрхлэлтэд эзлэх эмэгтэйчүүдийн хувь хэмжээг төрөлтийн түвшинтэй нь хамт өндөр хэмжээнд байлгах асуудал дээр зарим хөгжингүй улс орнууд хошуучилж байна. Хүн амын насжилт тулгамдсан асуудал болоод буй манай улсын хувьд ч энэ нь чухал зорилт болж байна” гэдгийг онцлов. Япон Улсын Ерөнхий сайд чуулга уулзалт болж буй энэ өдөр Японы парламентаар “Эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог дэмжих” хуулийг баталсныг мөн танилцуулав. Үүнд Японы төр, орон нутгийн байгууллагууд болон аж ахуйн нэгжүүдэд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж ажиллах явдлыг хуульчилж өгчээ.
 
Ш.Абэ 2015 он хүртэлх гурван жилд Японы Засгийн газар Хөгжлийн албан ёсны тусламжийнхаа /ХАЁТ/ хүрээнд 3 тэрбум ам долларыг “эмэгтэйчүүд гялалзсан нийгэм цогцлоох”-од зарцуулна гэсэн НҮБ дээр өгсөн амлалтаа тууштай хэрэгжүүлж байгааг танилцуулав. Японы Засгийн газар ХАЁТ-ын хүрээнд ойрын 3 жилд 42 тэрбум иенийг эмэгтэйчүүд, охидуудад чанартай боловсрол олгох үйлсэд зарцуулах аж.
 
29-ний өдөр болсон салбар хуралдаануудад манай төлөөлөгчид оролцож тус тус үг хэлэв. С.Эрдэнэ, М.Батчимэг нарыг Ерөнхий сайд Ш.Абэ хуралд оролцсон хүндэт зочдын хамт хүлээн авч уулзан, эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог хангасан гэгээлэг нийгмийг цогцлоон байгуулахад хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
 
Эх сурвалж: "Монцамэ"