sonin.mn
Н.Энхбаяр: Төр, засаг муу ажиллаж байгаагийн төлөө би ард түмнээсээ уучлал гуйж байна
 
МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015”  тө­вийн бүсийн ээлжит зөв­лөгөөн Орхон аймагт боллоо. Зөвлөгөөнд МАХН-ын дарга, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн тэр­гүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон тус на­мын УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Хөвсгөл, Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Орхон аймгийн намын хорооны төлөөлөгчид хамрагдсан бүсийн зөвлөгөөнөөр улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал, түүнчлэн намынхаа үйл ажиллагааг үнэлж, дүгнэх, 2016 оны сонгуулийн тухай өргөн сэдвээр ярилцав. Зөвлөгөөний үеэр МАХН-ын дарга, “Шударга ёс эвсэл”-ийн тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаярын хэлсэн үгийг хүргэж байна.
 
МАХН-ын “Анхан шатны байгууллага-2015” зөвлөгөөнд оролцож байгаа нийт төлөөлөгчдөд энэ өдрийн амгаланг айлтгая. Би агаар амьсгалах гэж, ард түмэнтэйгээ, та бүхэнтэйгээ  уулзах гэж ирлээ. Энэ үгийг хэлж байсныг минь та бүхэн ч бас санаж байгаа байх. Миний бие хүний нутагт хэчнээн дардан засмал зам дээгүүр явж байгаа ч гэсэн, боловсролтой, соёлтой хүмүүстэй харилцаж байгаа ч гэсэн миний ард түмнээр солих ард түмэн, миний эх орны агаарыг орлох агаартай улс орон, монгол хэлтэй минь адил ийм яруу тод хэлээр ярих орчин байхгүй учраас хэдийгээр тэнд эмчлүүлээд байж байгаа ч гэсэн байнга та нарыгаа дурсч, Монголынхоо ард түмнийг нүдэндээ харж, санаж, агаарыг нь амьсгалахсан, усанд нь орох юмсан, ууланд нь авирахсан, ахмадуудтайгаа уулзахсан, зүгээр  л бүгдийг нь хараад суухсан, монголоороо ярихсан, ярилцах юмсан, монголоороо ярьж байгааг сонсоод суухсан гэж боддог юм.
 
Эх хэлээрээ ярьж, эх орныхоо агаарыг амьсгалж, монголчууд та бүхнийхээ дунд, жирийн ард иргэд та бүхэнтэйгээ уулзаад явж байхад надад ямар ч эмнээс илүү эм болж байна. Тийм учраас би эх орондоо агаарыг нь амьсгалъя гэж ирсэн юм. Агаар амьсгалахаас гадна надтай уулзах хүмүүс байвал уулзъя гэж ирсэн юм.  Уулзаад санал бодлоо солилцох хүмүүс байвал санал солилцъё. Миний үгийг сонсъё, зарим асуудлаар зөвлөлдъе гэвэл зөвлөе гэж бодсон юм. Гэтэл харамсалтай нь нэг хүн намайг агаар амьсгалах эрхгүй ч гэх шиг, зөвлөгөө өгөх ёсгүй ч гэх шиг, босгоны шороонд ойртуулахгүй ч гэх шиг янз янзын юм ярьж байгаа юм. Тэгэхэд нь “Миний эх орон мөн үү, биш үү” гэж өөрийн эрхгүй бодсон. Яагаад монгол хүнээ тэгж хөөж байгаа юм. Яагаад агаарыг нь амьсгалах эрхгүй гэж. Монгол хүнийг хэн тэгж хөөх эрхтэй юм бэ. Хэнийг  үгийг чинь  сонсъё, санаа бодлоо хуваалцъя гэхээр “Хуваалцахгүй,  яв”  гэж хэлдэг юм бэ.
 
Хэн хэнийг босгоны шороонд ойртуулахгүй гээд байгаа юм бэ. Босгоны шороонд ойртуулах, төрийн өндөр албан тушаалын босгыг давуулах эрхийг хэн хэнд олгодог юм бэ. Тэр бүхэнд будилсан хүн, тархи толгой нь гашилсан хүн энэ үгийг хэлсэн гэж ойлгосон. Тиймээс тэр хүний бачимдсан, уурласан, бухимдсан үгэнд  би хариу өгч хайран цагийг гарздах хэрэггүй гэж бодсон. Түүний оронд та бүхэнтэйгээ уулзъя. Тэр нөхрөөр заал­­гаад байх юмгүй  ард түмэнтэйгээ уулзъя. Эх нутгийнхаа агаараар цээж дүүрэн амьсгалъя.Ард иргэдийнхээ  нүүрийг харж, нүдийг  нь ширтэж, монголоороо ярьж, монгол дуугаа сонсч, энэ сайхан зуны дэлгэр цагаар та бүхэнтэйгээ уулзъя гэж яваа юм шүү.
 
Монгол орон маань дээрээ үнэхээр болохоо байчихсан юм байна. Төрийн тэргүүн хийж байгаа хүний хэлж байгаа үгээс харахад монгол орноо таниагүй юм шиг. Жирийн ард иргэдтэй уулзаж, Завхан аймгийн Цагаанхайрхан сумын гаралтай 1997 онд надтай уулзаж, намайг сонгож байсан сонгогчтойгоо уулзахад миний ард түмэн хэвээрээ байна. Монголчууд маань хэвээрээ байна. Нөгөө сайхан зан заншлаа хадгалсан хэвээр, бие биеэ гэдэг  нь хэвээрээ байна. Тийм учраас би Төрийн тэргүүнийхээ үгийг сонсч монголоо танихаа больж байгаа бол ард түмэнтэйгээ уулзаж монголоо таньж байна. Нэг зүйлийг хэлэхэд бас амархан боллоо. Тэр бол Төрийн тэргүүнийг солино, ард түмнийг солихгүй гэдэг үг. Миний ард түмэн мөнх. Ард түмэн байгаа цагт Монгол мөнх. Тиймээс түр хугацаагаар гарч ирээд би мөнх, энэ суудал дээр мөнх заларсан гэж бодож байгаа их эндүүрэлд автсан хүнийг солино гэдгийг би мэдэж байсан. Би хэнээс ч айхгүй ард түмэнтэйгээ уулзаж, учирч, хэнээс ч айхгүй  ярих юмаа ярина. Та бүхэн ч гэсэн миний ярьсныг сонсч, дотроо бодож эргэ­цүүлж, заримдаа толгой сэгсэрч, заримдаа  толгой дохиж сууцгааж байна аа.
 
Би та нарт хэлж байсан бас нэг үгээ саная. 600 цагдаагийн хүчийг хэрэглэн намайг чирч гулдчин авч явахдаа хоёр гарын минь шөрмөсийг тасал­сан байсныг би тэр үедээ мэдээгүй юм. Удаан хугацаанд орон шоронд хоригдож байхад хоёр гар өвдөөд хөдөлж чадахаа байсан. “Миний хоёр  гар хөдлөхгүй байна” гэж эмч нарт хэлэхэд “Та өлсгөлөн зарлаж, бие чинь сульдаж, тураалд орсон учраас  гар чинь өвдөж  байгаа байх” гэж байсан юм. Тэгээд зарим дасгалуудыг хийгээч гэж  надад зөвлөсөн. Би тэр дасгалуудыг нь хийх гэж оролдоод чадахгүй байсан. “Гараа хөдөлгөх гэхээр хатгуулж өвдөөд дасгал хийж чадахгүй байна”  гэхэд “Өлсгөлөн, тураал зэргээс  л болсон байх” гэдгээс илүү зүйлийг  надад хэлж чадахгүй байсан.
 
Солонгост очоод сайтар үзүүлсэн. Тэгэхэд хоёр гарын шөрмөс тасарч удсан учраас шохойжиж хугацаа алдсан бол гаргүй болох байсан байна гэсэн онош тавьсан юм. Ингээд яаралтай хагалгаа хийнэ гээд яаравчилсан. Одоо би гараа чөлөөтэй хөдөлгөж чаддаг болсон. Тэр үед би “Хоёр гарынхаа шөрмөсийг таслуулаад ямар хэрэг байхав” гэж болсон ч “Надтай адил зовж зүдэрч, гарынхаа шөр­мөсийг таслуулах бүү хэл бие бялдраараа зовсон хүн зөндөө байгаа гэж бодож тайвширч байлаа.  Хамгийн гол нь юу гэж тайвширсан бэ гэвэл, би ард түмэнтэй учраас, би  улс орныхоо сайн сайхны төлөө хамтран зүтгэж байгаа хамт олонтой, нөхөдтэй учраас, миний гарын шөрмөс тасрах, 12 хоног хуурай өлсгөлөн зарлаж биеийн жингээ өдөрт хоёр кг-аар алдах юу ч биш гэж бодсон. Яагаад гэвэл миний ард түмэн надад сэтгэлийн шөрмөс өгсөн. Та нар миний сэтгэлийн шөрмөс. Энэ сэтгэлийн шөрмөс байгаа цагт би бууж өгөхгүй. Бидний бүгдийнх нь шөрмөсийг тасласан ч дийлэхгүй. Бидэнд, миний ард түмэн, миний хамт олон гэсэн шөрмөс байгаа учраас, тэр бүхэн бие сэтгэлд байгаа учраас, тэр шөрмөс тасрахгүй учраас  гарын шөрмөс тасарсанд  би гуньж гутарч, айж эмээж явахгүй ээ.
 
 
 
Шөрмөс гэж ер нь юу юм бэ. Зөвхөн гарт байдаг юм уу. Сэтгэлийн шөрмөс гэж бид ярилаа. Тэгвэл МАХН гэдэг үгэн дэх хувьсгал гэдэг үг өөрөө шөрмөс юм. Яагаад МАХН гэдэг үгэн дэх хувьсгал гэдэг шөрмөсийг тасалж МАН бий болгов оо? Тэр шөрмөс тасарснаар Монголын хойч үеийн түүхийг хэн таслах гэж оролдов. ХХ зууны түүхийг тасалснаар Монголын ард түмэн улс орны хөгжил суларна шүү дээ. Хэнд ашигтайгаар хувьсгал гэдэг үгнээс айж байгаа нэрээр, жигшиж байгаа нэрээр, шөрмөсийг таслах гэж оролдов. Тэгвэл МАХН гэдэг нэр, хувьсгал гэдэг үг хэн нэгнийг айлгаж сандаргасан, буу шийдэм барьсан хүн шиг үг биш. ХХ зууны Монголын ард түмний, бидний өвгөд дээдсийн туул­сан, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцсэн тэр бүх зүтгэлийг өөртөө шингээсэн, тэр хөрсийг нь, цусыг нь, та­сар­­сан шөрмөсийг нь, халуун амийг нь, шар­­хад­сан шархыг нь шин­гээ­сэн хувьсгал гэдэг үг өөрөө шөрмөс юм. МАХН бол шөрмөстэй нам.
 
Би Дорноговь аймагт болсон бүсийн зөвлөгөөнд очоод тодорхой жишээ хэлж байсан.  Нэг хүн надтай уулзаад “МАХН-ын түүх бол ХХ зууны түүх шүү. Үзээд байхад алдсан, оносон юм их байна. Алдаа дутагдал ч байна. Гэхдээ ерөнхий дүнгээрээ ололт нь давсан байна. Тэр дотор  Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолын төлөө МАХН зүтгэсэн юм байна.
 
Шийдвэр болгон нь, цэг, таслал болгон нь Монгол Улсын аюулгүй бай­дал, тусгаар тогтнолыг алдаа дутагдалгүйгээр ба­тал­гаажуулах тийм шийдвэрүүд байсан юм байна. Тиймээс та нар МАХН-ыг авч үлдэж нэрийг нь хадгалж үл­дэнэ гэдэг Монгол Улсынхаа тус­гаар тогтнолыг л авч үлдэнэ гэсэн юм байна, улс орны аюулгүй байдлыг л авч үлдэнэ гэ­сэн юм байна шүү дээ. Энэ бий болсон бүтцийг, ийм бүхэл бүтэн цогц байгууллагыг авч үлдэнэ гэсэн юм байна гэж би ойлгосон шүү.
 
Би өмнө нь АН-ын ги­шүүн байхдаа МАХН-ыг шүүмжилж байснаас биш энэ ойлголтыг мэд­дэггүй байж. Одоо би ойлгосон учраас  та нарыг хүндэтгэж шүүмжилж байна. Энэ ойлголт, үзэл баримтлалдаа үнэнч тууштай яв. Тэр түүхээсээ доошоо битгий орооч гэж шүүмжилнэ. Тэр түүх чинь агуу түүх юм байна шүү, түүхээ авч яваарай гэж би шүүмжилдэг шүү, ингэж сануулдаг шүү”  гэж тэр хүн хэлсэн. АН-ын гишүүдээр бид ингэж хэлүүлээд сууж байгаа нь нэг талаас их сайхан. Нөгөө талаас бид АН-ын гишүүдээр хэлүүлэлтгүй өөрсдөө  тэрийг мэдэж, өөрсдөө сайн бодохоос гадна бусдад ойлгуулж, бусдыг араасаа дагуулж, улс орноо өнөөдрийн хүнд хэцүү байдлаас гар­­гах ёстой.
 
МАХН Монголын ард түмний тусгаар тогтнол, Монгол Улсын аюулгүй байдлын төлөө анх байгуулагдсан. Зүтгэсээр ирсэн. Одоо ч зүтгэж байгаа бүхэл бүтэн байгууллага, бүхэл бүтэн тогтолцоо юм. Монголын ард түмний сэтгэл санаа, мах цусанд шингэсэн байгууллага, ийм тогтолцоо шүү гэдгээ бодож та бүхэн минь өөрсдөө биеэ авч явах ёстой. Хүнтэй ярихдаа, харилцахдаа, нэг нэгэн­тэйгээ ярихдаа  тэгж бодож харилцаарай. Тэгэх юм бол хүн та нарыг үнэлнэ, Та нар өөрсдөө засарна.
 
Та нарын нуруу тэнийнэ. Та нарын нүү­рэнд инээмсэглэл то­дорно. Та нар зовхи өөдөө болно. Та нарыг дагаад Монголын ард түмний зовхи өөдөө болно шүү.
 
МАХН-ын түүхийг ярихаар өнгөрсөн үеийнх нь алдааг ярих гэж их оролддог. Тийм ээ, бид алдсан. Мэдэхгүйгээсээ алдсан юм ч их бий. Өөр янз бүрийн шалтгаанаар алдсан юм ч бий. Тийм учраас бид алдаагаа харж, алдаа хийснийхээ төлөө бусдаас уучлал гуйж чаддаг нам. Би 1997 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа есдүгээр сарын 10-нд тэр үеийн “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр”-ийг тохиолдуулан МАХН-ын нэрийн өмнөөс бүх иргэдэд хандаж уучлал гуйж байсан. Түүний өмнө АН болон бусад улс төрийн хүчнүүд хамтран уучлал гуйхыг шаарддаг байсан.
 
Янз янзын шалтаг  хэлээд уучлал гуйдаггүй байсан. Би тэр үед намын журмын нө­хөдтэйгээ зөвлөж байгаад яагаад уучлал гуйхаас айгаад байгаа юм бэ. Яагаад ичээд байгаа юм бэ. Уучлал гуйлаа гээд бидний гар хөл хугарчих гээд байгаа гэж үү. Яагаад монголчууддаа уучлаарай гээд хэлчихэж болдоггүй юм бэ. Алдаа хийгээгүй ч байсан 1921 онд байгуулагдаж 70-80 жил улс орныг удир­­даж яваа улс төрийн хү­чин уучлаарай гээд хэлчихэж болно шүү дээ.
 
Тэр тусмаа 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн асуу­­­далд уучлал гуйж яагаад болдоггүй юм бэ гэж хэлж байгаад  уучлал гуйсан. Ард түмэн уучлал гуйлаа гээд хүлээгээд авсан. Түүнтэй адил бид алдсан зүйл байвал ард түмнээсээ уучлал гуйж чаддаг байх хэрэгтэй. Манай ард түмэн өгөөмөр сэтгэлтэй учраас уучлал гуйсныг  өрөвдөж, эргээд хайрладаг. Өнөөгийн эрх баригчид, бид өөрс­дийгөө ч гэсэн орол­цуу­лаад хэлэхэд,  би тэнд голлохгүй байгаа ч гэсэн тэнд хавчигдаад явж байгаа хүний хувьд хэлэхэд улс орны байдал  хүнд хэцүү байгаад уучлал гуйя.
 
Хэдийгээр Солонгост эмчлүүлээд явж байгаа ч гэсэн би МАХН-ын даргын албыг хашиж байгаа хүний хувьд өнөөдөр төр, засаг муу ажиллаж байгаа, Ц.Элбэгдорж муу ажиллаж байгаагийн төлөө уучлал гуйя. Энэ хүмүүс уучлал гуйж чадахгүй байна. Тийм зориг байхгүй байна. Би уучлал гуйчихая, бүгдээрээ уучлал гуйя. Та бүхэн түүхээ ярихдаа битгий харамсаарай. Өөрийнхөө түүхийг ч  гэсэн ярихдаа бүү харамс. Улс орныхоо түүхийг ярихдаа битгий харамс. Гэхдээ алдааг нь олж харж бай. Засч бай. би ганцхан зүйлийг мэдэж байна. Энэ бол нэг хүний л хийсэн хэрэг. Бид алдааг олж харж чадахгүй байгаа бол бас  тэр хүн шиг болно. Тиймээс алдааг олж харж чаддаг,  засдаг байя.
 
Ийм МАХН-ыг ард түмэн дандаа дэмжинэ. Та бүхэн өнөөдөртөө бүрэн дүүрэн амьдар. Хэн нэгэнд бүү гомдолло. Одоо ч, хэзээ ч тэрнээс болсон гэж МАХН ярьж болохгүй. МАХН-ын гишүүд тэгж ярих эрхгүй. Монголд юу нь болохгүй байна биднээс шалтгаалж байгаа, би очиж туслах ёстой гэж бод. АН-ынхны хийсэн ажил, МАН-ын хийсэн ажил, МАНАН-гийн хийсэн ажил надад ямар хамаатай юм бэ гэж битгий хажуугаар нь өнгөр. Бид яах гэж энд сууж байгаа юм бэ. Бусдад туслах гээд сууж байгаа шүү дээ. Өөртөө туслах гэж байгаа юм биш. Бусдад туслахын  тулд яаж хүмүүсийн итгэлийг авах вэ. Яаж бусдад тусалж, бусадтайгаа хамт энэ улс орныг хөгжүүлэх вэ. Өөртөө итгэлтэй бүрэн дүүрэн амьдаръя гэдэг бусдад туслахын нэр. Нөгөө талаар ирээдүй юм. МАХН-ын бас нэг онцлог бол асар их ирээдүйтэй нам.
 
Хоёрын хооронд,  ганц нэг сайдын суудал бол өнөөдрийн жижигхэн зорилго болохоос ирээдүйн зорилго биш. Бидний том зорилго бол Монгол Улсаа хөгжүүлэх, улс орныхоо тусгаар тогтнолыг бэхжүүлэх, ард түмнээ баярлуулах юм. Цаашилбал, Зүүн Хойд Ази, Евразийн бүс нутагт Монгол Улс нөлөөлж, энэ нутгийг ч гэсэн сайн сайхан амьдруулах, бүр цааш ярих юм бол дэлхийн хүн төрөлхтний хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрийг оруулах ийм л зорилт байгаа.
 
Ийм л бодол энд эргэлдэж байх ёстой. Заавал НҮБ-ын индэр дээр очиж том юм ярьдаг. Өөр жижиг сажиг газарт хов жив ярьдаг юм  биш. Тийм байж болохгүй. Энд байх тусмаа бид томыг зорих ёстой. Томыг зорь, зорьсноосоо битгий ухар. Өөрийгөө ял, ирээдүйд зорьсон зорилтдоо хүрэхэд бас нэг амархан зүйл бий. Тэр бол өөрийгөө ялах. Бид өөртөө дандаа бууж өгдөг. Өөрийнхөө залхууд бууж өгнө. Өөрийнхөө тэнэгт бууж өгнө. Өөрийнхөө хариуцлагагүйд бууж өгнө. Тэгээд дандаа тайлбар олно. Тэгээд “Ийм юм байдаг шүү дээ” гэдэг. Нөхрөөсөө, эхнэрээсээ салчихаад ийм юм байдаг шүү дээ, амьдралд гэдэг. Тийм байж болохгүй. Чи өөрөө амьдралыг муухай болгож байгаа болохоос амьдрал муухай биш.
 
Амжилтад хүрэх бас нэг жишээ бол өөрийгөө битгий уучил. Харин бусдыг уучил. Өөрийгөө уучлаад бусдыг уучлахгүй байх юм бол мухардал. Хэн ч тэгвэл хөгжихгүй, гацна, зогсоно, дуусна. Бусдыг уучлаад зүтгээд байх юм бол чи олон найзтай болно, өөрийгөө ташуурдсаар байгаад, урагшаа тэмүүлсээр байгаад зорьсондоо хүрч чадна.  Тэр утгаараа улс төрийн намын зорилго юу юм бэ гэдгийг бид энэ яриатай холбогдуулж бодох ёстой. Би та бүхэнд заримд нь хэлж байсан. Та бүхэн ч бас мэдэж байгаа байх. Гэхдээ дахин сануулъя. Хариуцлагатай нам гурван шинжтэй байдаг. Бидний зорилго юу вэ, нэгдүгээрт, ард түмнээ сайхан амьдруулах. Яаж сайхан амьдруулах вэ. Энэ бол ямар ч нам засгийн эрхийг авч байж хийж чадах асуудал. Засгийн эрхийг авч, зөв бодлого хэрэгжүүлж байж, зөв хүмүүсийг томилж байж ард түмнээ сайхан амьдруулж чадна. Бид ийм л зорилготой нам. Тэгэхгүй зарим нь манай нам тэрэнтэй л хамтрах нь дээ, тэгвэл бидний зорилго юм шиг, тэр л хүнтэй уулзвал бидний зорилго юм шиг, энүүхэн орон нутгийн сонгуульд ялчихвал зорилго юм шиг  бодож болохгүй.
 
Намын хоёр дахь  шинж бол үзэл баримтлал юм. Үзэл баримтлалыг дагаад үнэт зүйлтэй  байх ёстой. Үнэт зүйлийг дагаад хариуцлагатай байх ёстой. Үнэн ч шударга байх, бие биеэсээ урвахгүй байх, хамгийн гол нь ард түмнээсээ урвахгүй байх, улс орон, ард түмнийхээ эрх ашгаас урвахгүй байх нь үзэл баримтлалтай хүний хийдэг ажил, баримталдаг байр суурь. Үзэл баримтлалыг шаардаж байгаа нь ийм учиртай.  Гурав дахь нь энэ бүгдийгээ хэрэгжүүлэхийн тулд ажиллах, ард түмэндээ ойлгуулж, ард түмнээ дайчлах, итгүүлэх чадвар бүхий улс орныг нэлэнхүйд нь хамарсан бүтэцтэй байх ёстой. Тиймээс бид зуутын асуудлыг ярьдаг, өнөөдөр ч яриад  байгаа нь энэ юм. Яаж тэр бүтцээрээ дамжуулж бүтэн биетэй болох вэ гэдэг нь ийм учиртай. Бид улс орон даяар бүтцээ бий болгох ёстой, түүнийгээ ажиллуулах ёстой. Түүний тулд ийм шинжийг бүрдүүлж, байгаа шинжээ цуглуулахын тулд өнөөдөр нэгэн дор цуглаж ярьж байна. Улс төрийн нам өөрийгөө уучилдаггүй, бусдыг уучилдаг, ард түмнээсээ хэзээ ч ариун холбоогоо тасалдаггүй, ард түмэнтэйгээ өөрийн сүлжээгээр дамжуулан хамгийн доод давхаргатай хүртэл харилцаж чаддаг, өөрийн итгэл үнэмшилтэй, хэлсэн үгэндээ хэзээд хүрч чаддаг, түүнээсээ ухардаггүй, буудаггүй байх ёстой.
 
Намын ажил уйтгартай ч хэсэг хугацааны дараа үнэ цэнэ нь мэдрэгддэг. Өнөөдөр тэнд ч очиж баардаж шоудаад баахан цагийг өнгөөрдөг хүмүүс бий. Тэд юу хийж бүтээснээ хожим цэгнэхэд юу ч үлдэхгүй. Тэгвэл улс төрийн намын ажил уйтгартай ч нэг үгээр хэлбэл, бусдыг жаргаах гэж байгаа ийм л ажил. Бурхан багшийн ажил ч гэсэн бусдыг жаргаахын тухайтад уйгагүй номоо айлдаж байсан юм. Өнөөдөр Доржзодов буюу “Очироор огтлогч” номыг би өөрийн чадах ядахаар орчуулж байгаа. Нэг эхэлсэн ажил тийм амархан дуусдаггүй юм байна. Хоёр гурван орчуулгыг хийсэн. Хамгийн сайн орчуулга гаргахын тулд олон ном орчуулж байж сая Доржзодов судрыг орчуулж дуусах юм шиг байна. Тэр хэзээ дуусахыг бүү мэд, хийж л байна. Эхний хэсгээс хэлэхэд, Бурхан багш  бадар барьж, өглөөний хоолоо цуглуулж ирээд хөлөө угаагаад бясалгаад суух тухайтад  энэ номын гол утга учир агуулагддаг гэж үздэг юм билээ. Бурхан багш өөрөө явж өглөөний хоолоо цуглуулна гээд бодоод үз дээ. Энэ бол биеэр үлгэрлэх их том ухаан. Тэр үйлдэл нь өөрөө Дорзодов судар. Үүнийг мэддэг хүн бол Бурхан багшийн үйлдлийг хараад гэгээрч байгаа юм.
 
Тэнэг хүн бол энэ хоолоо л цуглуулж яваа юм байна, цадсан болов уу, үгүй болов уу, хэнийхээр орсон юм бол, тэднийхээр орсон болов уу, үгүй юм болов уу, хоолоо идээд дуусчихаж,  аягаа угаасан юм уу, үгүй юу гэх нь л дээ. Тэгвэл бурхан багш өөрийн үйлдлээр сургаалиа айлдаж байна. Түүнтэй адил үнэхээрийн үлгэр бол, хэлснээрээ амьдаръя бүгдээрээ. МАХН-ын дээд тунхаг тэр. МАХН-ын үндсэн шинж бол цаадуул чинь хэлснээрээ байдаг юм шүү, үнэхээр тийм шүү гэсэн ийм л шинж. Бүгдээрээ хэлснээрээ амьдраад үзье. Гэгээрнэ гэдэг бас  хэлснээрээ амьдрах юм билээ. Түүнээс биш гэгээрнэ гэдэг өнөөдөр архи уучихаад маргааш ламд очиж мөнгө өгч гэмээ цайруулах биш. Өөрийгөө хуураад байгаа юм уу, ламыг  хуураад байгаа юм уу, ламтай хамт бусдыг хуураад байгаа ч юм уу энэ их хуурамч харилцаа  эцэстээ биднийг  бүгдийг хуурна. Тэгвэл МАХН хэлснээрээ амьдаръя, хийж чадахгүй том юм ярихаа боль. Үүнтэй холбогдуулж бас нэг жишээ хэлэхэд, нэг залуу Японы нэртэй  ламд шавь орж, тэгээд шууд л ном үзэх юм бодож. Гэтэл багш нь аягаа угаа гэж, угаачихлаа гээд очтол аягаа угаа л гэж. Нөгөө шавь нь сүүлдээ уурлаад аягаа шидээд, заримыг нь хагалаад угаагаад л байж. Тарнийн ёс сурах гэтэл багш аяга угаа гэлээ гээд уурлаад угаагаад л байж.
 
Хэдий хугацаа өнгөрсөн юм, хэчнээн ч жил болсон юм бэ нэг өдөр аяга угаах чинь өөрөө гэгээрэх үйлдэл байж гэдийг ойлгож. Тэр аяга угаасаар байгаад гэгээрсэн. Аяга  угаагаад гэгээрч болж байхад бид МАХН-ын энэ сайхан үзэл баримтлалыг заавал хүнд маягаар тусгаж авч ажиллах гээд байх хэрэггүй. МАХН өнөөдөр хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байгаагаа бас ойлгох хэрэгтэй. Тэр нь эргээд бидний бууж өгөх зүйл биш харин ч эрч хүчтэй, урам зоригтой  ажиллах шаардлагын  нэг. Бид ямар нөхцөлд ажиллаж байна вэ гэвэл дарамтанд ажиллаж байна, даргыг нь хэлмэгдүүлж байна, эх орондоо ирэхэд нь хүртэл хөөж тууж байна шүү дээ. Урд нь намайг ингэж хөөж тууж явуулж байсныг   та нарт олон юм бодуулчих байх гээд би хэлдэггүй байсан. Д.Тэрбишдагва, Ч.Улаан гээд журмын нөхөд маань бол  мэддэг байсан. Би үлдээд үзэхэд бэлэн байна, орон шоронд орсон ч яахав гэхэд, эд маань “Та тэгж болохгүй, биеэ бод. Та эрүүл байх нь  хэрэгтэй, Монголын ард түмэнд хэрэгтэй. Та яваад эмчлүүлж бай. Бид энэ байдлыг засахын төлөө ажиллана” гэдэг байсан. Гэтэл одоо тэрийг нуух хэрэггүй. Тэр хүн өөрөө илчилчихлээ. Намайг хөөж тууж, аюул занал учруулдаг тэр хүн өөрөө өөрийгөө  илчиллээ, би илчлэх шаардлагагүй боллоо.
 
Хэн намайг хэлмэгдүүлээд байгаа юм бэ, хэн намайг эх орноос минь хөөж байгаа юм бэ, хэн занаад байгаа юм бэ, хэн өширхөөд байгаа юм бэ, тэр уур бухимдал нь яасан ч гардаггүй, дуусдаггүй юм бэ гэдгийг тэр хүн өөрөө үзүүлчихлээ. Тэр хүн энэ бүхнийг хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихлөө. Телевизийн бүх камерт бичигдээд үлдчихлээ. Тэр  хүн  өөрөө өөрийнхөө амаар энэ бүгдийг  хүлээн зөвшөөрчихлөө. Би намын даргын хувьд ийм хүнд нөхцөлд байгаа, МАХН хэцүү нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс яаж энэ хэцүү нөхцөлд оновчтой менежмент хийж, биднийг дэмжиж байгаа, мэдэрч байгаа, хүсч байгаа, үгүйлж байгаа ард түмэнтэйгээ амьд холбоогоо яаж сэргээх вэ гэдгийг л олох ёстой, бодох ёстой. МАН, АН хоёр шиг ажиллах гэж битгий бод. Бид хүнд хэцүү нөхцөлд ажилласан учраас өөр аргаар ажиллаад үзье.
 
Тэгэхгүй бол манай зарим нөхөд яг АН, МАН-ын дарга нараас шаардаж байгаа юм шиг зүйлийг шаардаад байх юм. Тэр бүтэхгүй. Бидэнтэй АН, МАН-ынх шиг хүмүүс байхгүй байна шүү дээ. Бид тэдэн шиг мөнгөтэй биш. Тиймээс мөнгөгүй менежментийг яаж хийх вэ гэдгээ бод. Яаж Бурхан багш шиг бадараа бариад явах вэ. Бурхан багш бадар бариад хүнээс  гуйж болж байхад  бид яагаад болдоггүйюм бэ. Яагаад заавал үнэтэй машин унаж, олон хүнээр хоол унд бэлдүүлж онгоцоор нисч очих  ёстой юм бэ. Энэ бүгдийгээ бодъё. Яаж мөнгөгүй менежментээр ард түмэнтэйгээ харилцах вэ. Яаж ийм хүнд хэцүү нөхцөлд, бараг хагас дайны байдалд, хагас хэл­мэгдүүлэлтийн бай­далд намаа хамгаалж хоцрох вэ. Бидний цаана ард түмэн яг ингэж хэлмэгдэж байна. Ард түмэн олон учраас бүгдээрээ зэрэг шоронд орчихгүй байгаа юм. Гэхдээ шоронд орсноос долоон дор амьдарч байна. Ямар ч эрх байхгүй, хувийн өмчийг нь булаагаад авчихна, ажилгүйдэл, ядуурал, өвчин зовлон энэ бүхэн шоронд байснаас илүү ард түмнийг минь зовоож байна. Биеэрээ наранд байгаа боловч амьдралынх нь нөхцөл шоронд байгаатай адил  байна шүү дээ. Тиймээс яаж ийм байгаа ард түмэнтэйгээ очиж уулзах вэ гэдгээ бид арай өөрөөр бодож ажиллах шаардлагатай байна. Бидэнд ногдож байгаа үүрэг даалгаврыг бид заавал биелүүлнэ. “Та Монголдоо ажиллаж, амьдрах уу, гэж  ард түмэн надаас асууж байна. Харамсалтай нь тэр нь надаас бас шалтгаалахгүй юм. Гэхдээ миний хүсэл бол тэр.
 
Ард түмний гарт хөзөр байгаа. Түлхүүр байгаа. Түүнийгээ хэнд өгөх вэ гэж ард түмэн хайж байгаа. Бид ард түмэнтэйгээ амьд харилцаагаа бэхжүүлэхгүй бол өөр хүн тэр түлхүүрийг булаагаад авна, хуураад авна. Луйврын сонгууль ард түмний гарт байгаа түлхүүрийг булааж, хулгайлж аваад байгаа юм. Тэр түлхүүрт бид өөрсдөө эзэн болж чадна, дөрвөн жил тэр түлхүүрийг чинь авъя, чадахгүй бол буцаагаад өгнө гэдгээ ард түмэндээ сайн хэлж, ингэж амжилтанд хүрэх хэрэгтэй. Би та бүхнийг айлгаж байгаа юм биш шүү. Дарамтанд байна, мөнгөгүй байна , хэцүү байна гэж айлгаж байгаа юм биш. МАХН-ын бас нэг шинж бол бид цөхөрдөггүй. Энэ бол манай намынханд байдаг үнэт чанар.
 
Би боддог юм, ямар хүн цөхөрдөг, ямар хүн цөхөрдөггүй юм бол гэж. Ганцаараа байдаг хүн их цөхөрдөг шиг байгаа юм. Ганцаараа учраас хүмүүсийн хэлдгээр дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу  тэгээд  цөхөрдөг шиг байгаа юм. Тэгэхээр ганцаараа байж болохгүй юм байна. Хүн бол  нийгмийн бүтээгдэхүүн. Нийтээрээ байвал хүчтэй. Ганцаараа бол хамгийн өндөр албан тушаалд суусан ч адгуус болж хувирч байгаа юм.  Тэрийг бид харж байна шүү дээ. Хамгийн доор байгаа би шоронд орсон ч хүн хэвээрээ байна. Яагаад гэвэл, энд би ард түмэнтэйгээ харилцаа холбоотой байгаад байна. Тийм учраас манай намынхан ард түмэнтэйгээ бай. Өөрсдөө бүү ганцаард, ард түмнээ битгий ганцаардуул. Ард түмэнтэйгээ хутгалд, холилд. Түүний тулд бусдад ямагт тусал. Тэгж байж хамт олон болно. Санаа зовдог хүн олон байх тусам би хүн болно. Санаа зовдог хүн байхгүй байх тусам чи араатан болно.
 
Эх хүн яагаад хамгийн нарийн нандин сэтгэлийн илэрхийлэл болж байдаг вэ гэвэл, тэр хүний  өөрийнх нь авьяас тийм юм.  Санаа сэтгэл  нь дандаа бусдын төлөө, үр хүүхэд, хань ижлийнхээ төлөө байдаг  авьяасыг бурхан эмэгтэй хүнд өгсөн байна. Тиймээс эмэгтэй хүн ганцаардана гэж хэзээ ч байхгүй. Харин эрэгтэй хүний тухайд  эр хүний жаргал эзгүй хээр,тэгсэн атлаа дотор нь эмээлтэй хазаартай морь багтдаг  гэсэн утгатай хэлц үг байдаг. МАХН хүнийг эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаж болохгүй. Ард түмнээ ялгаварлаж болохгүй. Бид ган­цаар­даж болохгүй, цөхөрч болохгүй. Бид өнөөдөр хэцүү  байгаа ч түүнийг давж гарна. Давж гарахын тулд бусдын төлөө зүтгэе, бусдад тусалж хүнд хэцүүг давж гаръя. Би та нартаа үлгэр байна. Би та нарынхаа төлөө зүтгэнэ. Та нар бие биеийнхээ төлөө зүтгэ. Нийлээд нийтийн төлөө зүтгэ.  Ард түмнийхээ төлөө бүгдээрээ зүтгэе. Ард түмнээ ган­­цаар­дуулахгүй, цөх­рүүлэхгүйгээр авч явъя.