sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Кашмирын бүсэд Энэтхэг болон Пакистаны хилчид харилцан гал нээсний улмаас есөн иргэн амь үрэгджээ.
Энэтхэгийн албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, тус улсын хяналтад байдаг Жамму хот руу Пакистан өчигдөр нэлээд хэдэн цаг их  буугаар галлажээ. Үүний хариуд Энэтхэгийн тал гал нээсэн байна.
 
Харилцан гал нээх үеэр гурван иргэн амь үрэгдэж, 14 хүн шархаджээ.
 
Харин Пакистаны талын мэдэгдсэнээр, Жаммутай залгаа орших Пунжаб муж руу Энэтхэг их буугаар галлах үеэр зургаан иргэн амь үрэгдэж, 46 хүн шархадсан аж.
 
Тус хоёр улс Кашмирыг булаацалдан удаа дараа мөргөлдөж байсан юм.
 
Энэтхэг болон Пакистаны аюулгүй байдлын асуудал хариуцсан албаны хүмүүс Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотод уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн байсан ч энэ удаагийн хэргийн улмаас уулзалтыг цуцалжээ.
 
Харилцан гал нээсний улмаас Кашмирт байдал хурцдаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг