sonin.mn
ТРИПОЛИ. /ANADOLU/. Ливийн Зувара хотын эрэгт 500 орчим цагаач тээвэрлэж явсан хоёр завь хөмөрсний улмаас хэдэн зуун цагаач амь эрсэдсэн байж болзошгүй гэж тус хотын оршин суугчид болон албаны хүмүүс мэдэгдлээ.
Өчигдөр үүрээр ослын дохио өгсөн эхний завинд 50 орчим цагаач сууж явсан байна.
 
Дараа нь живсэн, даац хэтрүүлсэн хоёр дахь завинд 400 орчим цагаач сууж явжээ.
 
Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, Италийн эргийн харуулууд 201 хүнийг аварсан байна.
 
Ливийн нийслэл Триполи хотын баруун хэсэгт байдаг хууль бус цагаачдыг саатуулах төвд 147 цагаачийг хүргэжээ.
 
100 орчим цогцсыг эмнэлэгт аваачсан гэж нэгэн оршин суугч ярилаа.
 
Оршин суугчийн хэлснээр, хохирогчдын олонх нь Сири, Бангладеш болон Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсуудын иргэд бололтой.
 
НҮБ-ын мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш Европт хүрэхийн тулд Газар дундын тэнгисийг гатлах явцдаа 2400 орчим цагаач амиа алдаад байгаа билээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг