sonin.mn
Үзэсгэлэн худалдаанд Сэлэнгэ аймгийн 17 сумын 169 аж ахуйн нэгж, иргэд 160 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээтэй оролцож, 500 сая төгрөгний борлуулалт хийв. Сэлэнгэ аймгийн ЗДТГазраас зохион байгуулсан энэхүү үзэсгэлэн худалдаа цаашид жил бүр тогтмол болох юм. Анхны жилдээ зохион байгуулсан үзэсгэлэнд сумд идэвхтэй сайн оролцож, ирсэн сүсэгтэн олон сэтгэл дүүрэн байлаа.
 
Хүнсний тэр дундаа цагаан идээ, айраг, жимс жимсгэний дармал, талх, шийгуа зэрэг бүтээгдэхүүн өргөнөөр борлуулагдаж, гутал, кашмер хувцас, барилгын материал, зөгийн гаралтай бүтээгдэхүүн зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнүүдийг сүсэгтэн олон таашаан хүлээн авч эргэх холбоо тогтоон ажиллахаар сонирхож байв.
 
Тус арга хэмжээний хүрээнд анх удаа “Амарбаясгалант” хийд болон Сэлэнгэ аймгийн ЗДТГ “ЛЕД” дэлгэц ажиллуулж, аймаг орон нутгийнхаа тухай, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдээ, соёл урлагийн байгууллага, хүүхэд багачуудынхаа тоглолт, аймгаас зохион байгуулсан онцлох арга хэмжээний тухай, сумдын танилцуулга зэрэг олон төрлийн нэвтрүүлгийг гаргаж, сурталчлан таниулсан.
 
Мөн Баруунбүрэн сумын авъяаслаг хүүхдүүд, Сэлэнгэ аймгийн АДБ-ийн “Сэлэнгийн долгио” чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг хуран цугласан олон сэтгэл дүүрэн халуун алга ташилтан дор хүлээн авч үзэж сонирхлоо.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг