sonin.mn
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд орших “Амарбаясгалант” хийдэд жил бүр бумбаны баяр болж сүсэгтэн олон хуран чуулсан томоохон арга хэмжээ болдог юм. Энэ жилийн хувьд тус үйл ажиллагааг арай өөр хэлбэрээр зохион байгуулах саналыг аймгийн Засаг дарга гаргаж, баялаг бүтээгчдээ дэмжсэн давхар баяр болгон “Сэлэнгэд үйлдвэрлэв” үзэсгэлэн  худалдааг явууллаа.
 
Анхдагч үйл ажиллагаа хэрхэн явагдсан талаар аймгийн Засаг дарга С.Бүрэнбаттай ярилцлаа.
 
-Энэ удаагийн бумбаны баяр маань шинэлэг хэлбэрээр өргөн дэлгэр, олны талархлыг хүлээсэн сайхан арга хэмжээ болло. Заавал “Амарбаясгалант” хийд дээр зохион байгуулах санааг хэрхэн бодож тооцов. Таны хувьд ямар үр дүн хүлээж байна вэ?
 
-Энэ их, олон хүн цуглаж байгаа боломжийг бид ашиглах ёстой. Ерөнхийдөө энэ зан үйл нь сүсэг бишрэлийн, итгэл үнэмшлийн их том арга хэмжээ учраас өмнөх жилүүдэд ингэж холбоё гэж боддоггүй байлаа. Сүүлийн жилүүдэд аймгаас жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих ямар л боломж байна, түүнийг ашиглая гэж зорьж байгааг та бүхэн мэдэж байгаа.
 
Иймээс бид өнгөрсөн жил энэ жилийнхээ ажлыг төлөвлөж байхдаа “Амарбаясгалант” хийдийн бумбаны баярыг Сэлэнгэ аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулах, дэмжих бодлоготой холбохоор шийдвэрлэсэн. Тиймээс ч энэ арга хэмжээнд тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөсөн. Арга хэмжээ сайхан болж байна. Энд ганц л зорилго бий. Сэлэнгэд аймагт экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.
 
Бүтээгдэхүүн нь амт, чанар сайтай гэдгийг олон нийтэд үзүүлэх, таниулах, сурталчлахад зорилго нь оршиж байна. Дараа дараагийн удаа  Амарбаясгалант хийдийн бумбаны тахилгат ирж буй хол ойрын зочин гийчид хүнс хоолоо холоос тээхийн оронд Сэлэнгийнхэний хийсэн  бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ хангах боломжтой  Хийд дээр жилдээ дунджаар 7-8 мянган авто машин, 30-40 орчим мянган хүн цугладаг гэж хамба лам хэлж байна.
 
Энэ бол манай Сэлэнгэчүүдэд маш өргөн боломж. Энэ арга хэмжээг л бид нар эдийн засагжуулах хэрэгтэй. Урьд нь Дархан, Эрдэнэтийнхэн худалдаа үйлчилгээгээ явуулж, манайхан өөрсдөө худалдан авагч байлаа. Энэ жил бид  Дархан-Уул, Орхон аймгийн Засаг дарга нарт “Сэлэнгэчүүд өөрсдөө бараа бүтээгдэхүүний үйлчилгээгээ явуулна аа” гэсэн албан тоот явуулсан.
 
Өнөөдрийн нийт худалдаа үйлчилгээний 10 орчим хувь нь Дархан, Эрдэнэтийнхэн байна. Хойтон жилээс бид өөрсдийнхөө үйлдвэрлэгчийг 100 хувь байлгана. Цагдаа, мэргэжлийн хяналтын хүмүүст нэг их дэглэм журам болоод байхаасаа илүүтэй нөхцөл байдлыг нь сайн ханга, хүмүүст тусламж дэмжлэг өг, яавал айж цочихгүй, сандарч мэгдэхгүй байхав гэдэг талаас нь зохион байгуулалттай ажиллах үүрэг өгсөн. Тэр ч утгаараа ажиллалаа.
 
-Үйлдвэрлэл эрхлэгчдээ хэрхэн дэмжиж оролцуулав. Мөн цаашид анхаарах зүйл ажиглагдав уу?
 
Энэ жилийн хувьд зохион байгуулалтын арга хэмжээг тэр чигээрээ аймгийн Засаг даргын нөөцөөс хөрөнгийг нь гаргасан. Сум бүрт 1-2 авто тээврийн хэрэгслийн шатахуун өгсөн. Манай аймгийн бүх сумд ирчихсэн, суманд ийм бараа бүтээгдэхүүн, зах зээл байна гээд сурталчилж байна.
 
Эндээс ажиглаж байхад цаашид бид маш ойлгомжтой төлөвлөлт хийх хэрэгтэй нь харагдлаа. Тиймээс хойтонгийн хөрөнгө оруулалтыг маш нарийвчлан төлөвлөнө. Энэ бол Сэлэнгэчүүдийн хувьд маш өргөн боломж. Одоо энд хүүхдийн тоглоомын талбай байна.
 
Гэр буудлууд ажиллаж байна. Үйлчилгээний цэгүүд шинэ хүнсээр хоолоо бэлтгэн борлуулж байна. Хийдрүү орж ирэх замын хоёр талд коридор гаргаад манай аймгийн баялаг бүтээгчид бараа бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан байна. Малчид маань голоо дагаад тойроод буучихсан орчин тойрон үнэхээр сайхан байна.
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг