sonin.mn
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутагт байрлах “Амарбаясгалант” хийдэд  “Гонгорын бумбаны тахилга” арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.
 
Энэ жилийн тахилгын үеэр Сэлэнгэ аймгийн баялаг бүтээгч аж ахуйн нэгж, иргэдийн үйлдвэрлэсэн  бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үзүүлж таниулах, сурталчлах, худалдааны түшнлэл тогтоох, зах зээл олох өргөн боломжийг бүрдүүлэх ажлыг аймгийн ЗДТГ-аас анх удаа амжилттай зохион байгууллаа.
 
Ингээд “Сэлэнгэд үйдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд оролцсон үйлдвэрлэгчдийн төлөөллөөс танилцуулья.
 
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын өрхийн үйлдвэрлэгч Л.Тунгалаг: Хүний амьдралд хэрэглэж болох бүхнийг л хэрэгжүүлэх гээд зориод явж байна
 
 
 “Би жил бүр бумбаны баярт ирдэг. Энэ жил ингэж өрхийн үйлдвэрлэгчдээ дэмжин үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буйд баяртай байна. Хувиараа зөгийн балаа авч ирээд борлуулалт хийлээ. Ийм сайхан арга хэмжээг аймгаас зохион байгуулсан болохоор бүхий л бүтээгдэхүүнээ  ачаад зорьж ирсэн.
 
Манайх нэг га газартаа нарийн ногоо тарьдаг.  Мөн хашаандаа хүлэмжтэй. Хүлэмжиндээ өргөст хэмх, улаан лооль, жимсний модтой. Тэндээсээ 460-470 л чацаргана, 20 гаруй литр  улаалзгана авчихдаг. Манайх  4 жилийн өмнө сум хөгжүүлэх сангаас төсөл бичиж зөгий авч маллаж байна.
 
Байгалийн гаралтай цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх дуртай. Улаалзгана  жимсээ жимсээр нь хэрэглэхээс гадна жүүс хийдэг. Хүмүүс манай бүтээгдэхүүнийг маш их сонирхож байна. Би 40 гаруй сархиагтай балтай ирсэн. Хэдхэн цагийн дотор 20 хүрэхгүй нь үлдэж байна. Энэ балаа 4000-8000 төгрөгийн хооронд борлуулсан.
 
Дотроо зөгийтэй, авгалдайтай, зөгийний цуглуулдаг бүх юм энэ дотор байдаг. Үүнийг улаан хоолойн өвчинд ашигладаг юм. Ходоодны гүрвэлзэх хөдөлгөөнд ч маш сайн. Зажилж хаядаг. Бас гишүүгэнэ байна. Хүний биед маш их хэрэгтэй.
 
Хавдрын эсрэг, сахарын өвчтэй хүнд ч тустай. Энэ мэтээр хүний амьдралд хэрэглэж болох бүхнийг л хийх гэж зорьж явна даа. Манайх бас вакум цонхны үйлдвэртэй. Энд хаалга, цонх хийгээд авчирсан байгаа. Өрх гэр бүлээрээ энэ бизнесээ явуулдаг” хэмээв.
 
Баянгол сумын “Майнд тэч” нэрийн дэлгүүрийн худалдагч Л.Болормаа: Бусад тосыг бодвол харьцангуй тослог сайтай
 
 
Манай энэ тос бол “Майнд тэч” компанийн анхны бүтээгдэхүүн. 2015 оны 6 дугаар  сараас эхэлж худалдаанд гарч эхэлсэн. Энэ тос маань Германы технологиор үйлдвэрлэгдсэн. Герман чанар гэсэн үг. Элдэв гаж үнэр, амт байхгүй. Бусад тосыг  бодвол харьцангуй тослог сайтай. Хүмүүс маш их сонирхож байна.
 
Манай сумынхан бүр хэрэглээд сурчихсан. Сумандаа нэрийн дэлгүүрээ нээсэн. Дэлгүүрээрээ тосоо, тосны шавхдаснаас гаргаж авсан малын тэжээлээ борлуулдаг. Мөн хотод байнгын борлуулалт хийдэг. Герман тос манай улсад орж ирэхдээ үнэтэй орж ирдэг болохоор ижил технологиор хийж  байгаа манай тосонд хэрэглэгчид маш ам сайтай байгаа.
 
Сэлэнгэ аймгийн удирдлага аймгийн үйлдвэрлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүнийг нь сурталчилж, борлуулалтанд нь анхаарч ийм сайхан  арга хэмжээг зохион байгуулж байгаад талархаж байна. Манай тос, тэжээл аль аль нь хүмүүсийн анхаарлын төвд байдаг.
 
Тэжээл 40 кг-аар савлагдсан, 22000 төгрөгийн үнэтэй. Малын мах, сүүний гарцыг нэмэгдүүлдэг сайн чанарын тэжээл. Ургамлын тос маань 3000 төгрөгөөр борлуулдаг. Манай нэг гол давуу тал бол Сэлэнгэ нутгийнхаа хөрсөнд ургасан рапсыг өөрийнхөө үйлдвэрт боловсруулдгаараа онцлогтой.
 
Мандал сумын “Зүүнхараа кашмер” нөхөрлөлийн дарга Б.Нарангарав: Үйлчлүүлэгч нар маань сэтгэл хангалуун байдаг
 
 
Аймгаас зохион байгуулж байгаа энэ сайхан үзэсгэлэнд Мандал сумаас ноолууран бүтээгдэхүүнээрээ оролцож байна. Энэ арга хэмжээ маш зохион байгуулалт сайтай, сайхан үйл ажиллагаа болж байна. Манайх сүлжмэлэн үйлдвэрлэлийг 2013 оноос эхлэн эрхэлж байгаа. Өөрийн сум болон зэргэлдээ сумынхаа иргэдэд үйлчилдэг.
 
Үйлчлүүлэгчийн хүссэн хэмжээ, загвараар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Энэ удаагийн үзэсгэлэнд ихэвчлэн хонины ноосон эрэгтэй эмэгтэй хослол, цамц, хүүхдийн цамц гээд олон төрлийн бүтээгдэхүүнтэй ирлээ. Манай бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ маш өндөр, үйлчлүүлэгчид ч сэтгэл хангалуун байдаг. Манайх Зүүнхараа хотынхоо 2014 оны шилдэг жижиг дунд үйлдвэрлэгчээр шалгарсан.
 
Сүхбаатар сумын “Сэлэнгэ” годон гутал үйлдвэрийн борлуулалт хариуцсан менежер Ж.Баттогтох: Манай гутлын орос гутлаас давуу чанар нь түрий нь унадаггүй
 
 
Сүхбаатар сумаас Баруунбүрэнгийн энэ сайхан нутагт ирээд үзэсгэлэн худалдаанд оролцож, гутлаа таниулж байгаадаа туйлын баяртай байна. Зохион байгуулагч аймаг орон нутагтаа талархал илэрхийлье. Манай “Сэлэнгэ” годон гутал үүсэн байгуулагдаад 7 жил болжээ. Манай гутал орос гутлаас давуу нь түрий нь унадаггүй. Арьс, ноосоо гэмтээх нь маш бага байдаг. Оросоос гутлынхаа түүхий эдийг оруулж ирдэг. Хийж байгаа хүн нь л монгол болохоос биш яг л орос гуталтай ижил технологтой. Орос стандарт гутал өнөөдөр 450,000 төгрөгөөр зардаг юм билээ. Харин монгол годон гутал маань 380,000-280,000 төгрөгөөр борлуулж байна.  Монгол годон гутлаа монгол бугын арьсаар хийдэг. Манайх өөрийн годон гутлаараа Сэлэнгэдээ төдийгүй монголд брэнд болж чадаж байгаа. Манай гутал борлуулалт сайтай.
 
Шаамар сумын ”Мон апи” компаний захирал, технологич Г.Энхтуяа: Эрүүл мэндийг зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн хийж байна
 
 
Манайх Шаамар сумын зөгийн аж ахуйн компани. Үйл ажиллагаагаа явуулж эхлээд удаж байгаа. Бид зөгийнөөс олдворлодог түүхий эдүүдийг ашиглан эрүүл мэндийг зохицуулах үйлчилгээтэй хүнсний 21 нэр төрлийн бүтээгдэхүүн хийгээд байна. Энэ бүтээгдэхүүнүүд маань зүрх судасны өвчин, астма, ходоод дотрын өвчин, амьсгалын замын өвчин, ядаргаа гэх мэт олон төрлийн өвчин эмгэгийг илааршуулах үйлчилгээтэй.
 
Монгол хүний бие организмд тохирсон монгол бүтээгдэхүүнийг манайхан үйлдвэрлэж байна. Бүтээгдэхүүн бүр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал шидэт бэлдмэл бүтээгдэхүүн маань олон төрлийн өвчин зовиурт хэрэглэхээс гадна тухайн өвдсөн хүнд шууд нөлөөлдөг давуу талтай. Мөрөөдлийн ханд гэж нойрны хямралд уудаг бүтээгдэхүүн байна.
 
Жимстэй, зөгийн балтай дарс, винонууд байна. Ашигт ургамлаар хийсэн халгайн жим гэж гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг бүтээгдэхүүн, чацарганы цэвэр тос, гүзээлзгэнэтэй зөгийн бал гээд нэрлэж болно. Энэ бол элэг цөсөнд маш сайн. Цус төлжүүлдэг, төмрийн дутагдлыг нөхдөг.
 
Иргэд манай бүтээгдэхүүнд маш ам сайтай байдаг юм. Нэг хэрэглэсэн хүн тогтмол хэрэглээд хэвшчихсэн байдаг. Миний хувьд энэ бүх нэр төрлийн бүтээгдэхүүнийг өөрөө зохион бүтээсэн. Оюуны өмчийн газраар баталгаажигдсан.
 
Цаашид дараа дараагийнхаа бүтээгдэхүүнийг гаргахаар маш өргөн хүрээний судалгааг эрдэмтэд, эмч нартай хамтран хийж байна даа. Үзэсгэлэн худалдаанд 14 төрлийн бүтээгдэхүүнтэй ирсэн. Бумбаны баярт газар газраас маш олон тооны хүмүүс ирдэг. Эдгээр хүмүүст Сэлэнгэ аймагтаа үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг таниулж, сурталчилж өгч байгаад баяртай байгаагаа илэрхийлье.
 
Түшиг сумын өрхийн үйлдвэрлэгч О.Оюунцэцэг:Мэдэхгүй хүмүүс нь мэдэж авсан их сайхан үзэсгэлэн боллоо
 
Бумбаны баярын үзэсгэлэн худалдаанд оролцож байгаадаа баяртай байна. Жил бүр 20-иод нэр төрлийн эмийн ургамал түүж, цагаан идээгээ боловсруулан аймаг, орон нутгаас зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд оролцдог. Зүрх өвс, аньсны навч, гишүүн, согоон сав, цээний үндэс, халгай, тарваган шийр, цагаан уул цэцэг, эгүүшин, адуун уруул гээд олон төрлийн эмийн ургамлыг авчирч 1000-2000 төгрөгөөр боруулж байна. Мөн төрөл бүрийн жимсний чанамал, ааруултай ирлээ. Энэ жил гишүүн, нэрс, улаалзганаар чанамал хийсэн. Өөрөө үнээгээ саагаад цагаан идээгээ хийдэг. Би “Ноёны хишиг” гэж нөхөрлөлтэй. Энэ нөхөрлөлийн хүмүүс маань ч тусалдаг. Цагаан идээгээ 10,000-13000, жимсний чанамалаа 4000-10000 төгрөгөөр борлуулж байна. 20-иод  шил жимстэй ирсэн эхний өдөртөө бараг дууслаа. Энэ маш зөв арга хэмжээ болж байна. Бидний хийсэн бүтээгдэхүүнийг олон түмэнд таниулж, аймаг орон нутгаасаа хальж хот хүрээнээс ирсэн олон хүн бүтээгдэхүүнийг маань худалдаж авлаа. Бидний амь амьжиргаанд  ч  нөлөөлж байна шүү дээ.
 
Орхон сумын өрхийн үйлдвэрлэгч Г.Пүрэвсүрэн:
 
 
           Нутгийнхаа орхон үүлдрийн хонины ноосоор хийсэн бүтээгдэхүүн, гоёлын хувцсаар энэ үзэсгэлэнд оролцож байна. Нарийн нарийвтар ноост Орхон хонины ноосыг аваад угаах, цэвэрлэх гээд бүх зүйл гар аргаар хийдэг. Энэ бүхний эцэст хамгийн сүүлд эдгээр бүтээгдэхүүнийг гаргаж авдаг юм.
 
Хонины ноос нь манай суманд байдаг гэдгээрээ давуу талтай. Гаргасан бүтээгдэхүүнээ орон нутагтаа, үзэсгэлэн худалдаагаар, ойр орчмын сумдаар борлуулдаг. Орхон хонины ноосоор төрөл бүрийн бойтог, даллаганы уут, машины бүрээс, олбогоос эхлээд бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, хувцас хийдэг.
 
Нарийн ноосоор хийсэн бараа бүтээгдэхүүн 7000-40000 төгрөгийн хооронд борлуулагддаг. Мөн саяхнаас оёдлын бүтээгдэхүүн хийж эхлээд байна. Үзэсгэлэн худалдаа их олон давуу талтай байдаг. Бараа бүтээгдэхүүнээ таниулна. Захиалга авна. Сайхан арга хэмжээ боллоо. Цаашид ноосон бүтээгдэхүүн, оёдол хоёроо хамтатган өргөжүүлэх зорилготой ажиллаж байна. Одоо өрх гэрээрээ л ажиллаж байна.
 
 
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг