sonin.mn
Эмхэтгэлийн шинэ дугаарт Монгол Улсын Засгийн газрын хоёр тогтоолыг нийтлэв. Үүнд: Засгийн газраас 2015 оны зургадугаар сарын 22-нд баталсан Орон сууцны зээлийн талаар авах арга хэмжээний тухай 256 тоот тогтоол, мөн энэ оны зургадугаар сарын 29-нд баталсан Журам батлах тухай 263 тоот тогтоол тус тус болно.
 
Орон сууцны зээлийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолд Хөгжлийн банкны тухай хуулийн зарим заалтыг үндэслэн Ипотекийн зээлээр орон сууц худалдан авах урьдчилгаа төлөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор иргэдийн худалдан авах орон сууцны үнийн дүнгийн 20 хүртэлх хувьд 200 тэрбум төгрөгт багтаан зээлийн баталгаа гаргахыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан байна.
 
Уг арга хэмжээг зохион байгуулах журам болон түүнд хамрагдах нөхцөл, шалгуур үзүүлэлтийн төсөл боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг холбогдох сайд нарт даалгажээ.
 
Харин Журам батлах тухай 263 тоот тогтоолоор Хог хаягдлын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгох журмыг баталсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.