sonin.mn
Энэ сарын 25-ны өдөр БНХАУ-ын  Жанчхүү хотын  Жанбэйд  орших  Монгол-Зөвлөлтийн дайчдын хөшөөнд  Монголын ахмад дайчдын холбооны тэргүүн Ч.Самбуу, Дайнд оролцсон ахмад дайчин Э.Лувсанбалдан, Т.Бат-Очир  Монгол Улсын баатар Л.Аюуш, Монгол Улсын баатар түрүүч М.Жанчив, Монгол Улсын баатар С.Дампил, Монгол Улсын баатар Д.Данзанваанчиг, Монгол Улсын баатар ахлагч Т.Дүүдэй нарын  үр, ач нар болох  Д.Ухнаа, Л.Нямхүү Д.Пүрэвсүрэн, У.Билэгсайхан, Д.Октябрь нар урилгаар оролцон Жанчхүүгийн давааны тулаанд амь үрэгдсэн өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэн нутгийн чулуу, идээний дээжээ өргөв.
Монгол Улсын баатар  М. Жанчивын зээ хүү Говь Алтай аймгийн Шарга сумаас  хүрэлцэн ирж төрсөн нутгийн чулууг нь  авчран гэрэлт хөшөөнд нь өргөв. Түүхнээ Жанчхүүгийн тулаан  хэмээн нэрлэгдсэн энэ тулаанд Монголын 200 гаруй цэрэг эрс амиа алдан,  Монгол Улсын  6  баатар  төржээ.  
1945 оны чөлөөлөх дайны дайчин, Монгол Улсын СГЗ, доктор профессор  Э.Лувсанбалдан  Ахмад  дайчид, амь үрэгдсэн баатруудын үр ачийг төлөөлөн  үг хэллээ.
 
Тэрээр хэлэхдээ, Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл, Японы түрэмгийлэгчдээс  Хятадын ард түмнийг чөлөөлсний  70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа  БНХАУ-ын удирдлага, Хятадын ард түмэнд дайнд оролцсон  Монголын дайчид болон  түүний үр хүүхдийн өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.  Дэлхийн хоёрдугаар дайны  Ази тив дэх  нэг голомт нь  Зүүн болон Зүүн хойд Ази, Номхон далайн сав газрууд, түүний дотор Хятадын нутгийн ихэнх хэсгийг эзэлсэн Японы түрэмгийлэгчид байсан. 70-н жилийн тэртээ  БНМАУ-ын Засгийн газар Японы түрэмгийлэгчдийн эсрэг дайн зарласан. Энэ нь дэлхий дахинд энхтайван тогтоох  нийтийн үйлсэд   хувь нэмээ оруулах, Хятадын ард түмнийг Японоос чөлөөлөх, улмаар өөрийн хил хязгаарын аюулгүй байдлыг хангах зорилготой байсан юм. Энэ дайнд Монгол  ардын хувьсгалт цэрэг, Зөвлөлтийн  улаан армитай  мөр зэрэгцэн Сайншандаас  Жанчхүүгийн чиглэлээр давшиж 1945 оны 8 дугаар сарын 18- нд  Жанчхүүгийн даваанд тулсан. Гурван өдөр үргэлжилсэн ширүүн тулаанд  Зөвлөлтийн мотобуудлагын 27 дугаар бригад, Монголын хурандаа Д.Нянтайсүрэнгийн командласан 7 дугаар хуягт бригад давшилтад орж  Японы бэхлэлтийг сэтлэн  8 дугаар сарын 21-нд  Чуулалт хаалгыг эзлэн авсан юм.  Жанчхүүгийн даваанд байлдагч Л.Аюуш, түрүүч М.Жанчив, С.Дампил, Д.Данзанваанчиг, ахлагч Т.Дүүдэй, хурандаа  Д. Нянтайсүрэн нарт Монгол Улсын баатар цол хүртээсэн.
 
Хятадын ард түмний сайн сайхны төлөө  70 жилийн өмнө алтан амиа алдсан  Монгол дайчдынхаа тулалдсан газарт ирж хүндэтгэл үзүүлэх завшаан олдсонд баяртай байна. Бидэнд ийм бололцоо олгосон та бүхэнд  хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Японы эзлэн түрэмгийлэгчдийг бут цохисон  гандан бууршгүй гавьяа Зөвлөлтийн улаан арми, Монгол ардын хувьсгалт цэрэг, Хятадын  Ардын чөлөөлөх армид олдсон билээ. Хамтын тэмцлийн гайхамшигт ялалтыг хойч үе мартах ёсгүй,  Монгол Хятадын ард түмний цусаар гагнагдсан найрамдал мандан бадраг"  гэлээ.  
 
 
  Ахмад дайчид болон  баатруудын үр ач нар өвөг дээдсийнхээ амь үрэгдсэн газарт Орос, Хятадын төлөөлөгчидтэй хамтран анх удаа ирж хүндэтгэл үзүүлж байгаадаа сэтгэл  нь  ихэд  хөдөлж   Хятад, Монгол, Орос гурван улсын харилцаа өндөр төвшинд байгаагийн илрэл, энхтайван цагийн бэлгэшээл хэмээн  зохион байгуулагчдад баярлаж талархснаа илэрхийлж байв.
Оролцогчид гэрэлт хөшөөнд цэцэг өргөн,  баатруудад зориулсан музей үзэж, дурсгалын зураг татуулсан юм.
 
 
 
 
Бээжин Д.Энхчимэг
 
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг