sonin.mn
РОМ. /BBC/. Италийн эргийн хамгаалалтын газрынхан аврах ажиллагаа явуулах үеэрээ цагаачдын хөлөг онгоцноос 50 орчим хүний цогцос илрүүлжээ.
Аврагчид хөлөг онгоцон дээр байсан 430 цагаачийг аварч чадсан гэж Италийн эргийн хамгаалалтын газрын төлөөлөгч мэдэгдсэн байна.
 
Аврах ажиллагаанд Шведийн "Посейдон" хөлөг онгоц оролцжээ. Лхагва гарагт л гэхэд Ливийн эргээс 50 км орчим зайтай газраас 10 завь илрүүлсэн байна.
 
Өнгөрсөн долоо хоногт Италийн эргийн хамгаалалтын газрынхан Европт хүрэхийг оролдож байсан хэдэн мянган цагаачийг аварсан байна. НҮБ-ын мэдээлснээр, энэ онд Газар дундын тэнгист 1800 гаруй цагаач амиа алджээ.
 
Цагаачидтай холбоотой хямрал сүүлийн саруудад улам хурцадсан байна. Европын Холбооны албан ёсны төлөөлөгчдийн мэдээлснээр, тус холбооны хил дээр ирсэн цагаачдын тоо долдугаар сард хамгийн олон буюу 107500-д хүрчээ. Энэ нь хил дээр ирсэн цагаачдыг тоолж эхэлсэн 2008 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт аж.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"  агентлаг