sonin.mn
Улаанбаатар хотод инженерийн дэд бүтцийн нийт 1153 төсөл, арга хэмжээг  хэрэгжүүлэхээс хамгийн өргөн хүрээнд хийсэн ажил нь Улаанбаатар хотын дулаан хангамжийн 3А,Б,В гол шугамыг ф600\500 болгон өргөтгөх юм. Уг ажлыг  2015 оны 06 дугаар сарын 7 - ны өдрөөс эхлэн 2015 оны 08 сарын 14-ны өдөр хүртэл хийж гүйцэтгэх төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ.
 
Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, “Улаанбаатар Дулааны шугам сүлжээ”  ТӨХК – ийн захирал Р.Хайдав, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн болон гүйцэтгэгч компанийн төлөөлөл, бусад холбогдох албаны хүмүүс оролцов.   
 
Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга уг арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая. Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн зам хүртэлх, Төв шуудангаас Улсын Драмын Эрдмийн театр хүртэлх дулааны шугам хоолойг солих, өргөтгөн шинэчлэх, цэвэр усны нөөц шугам барих энэхүү ажил хугацаанаасаа 10 хоногийн өмнө дууслаа.
 
Уг ажлыг чанартай хийж, гүйцэтгэсэн компаниудын нийт ажилчиддаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Дулааны шугам хоолой шинэчлэх ажил бол өвлийн бэлтгэлийн нэгээхэн хэсэг. 1987 онд Баруун дөрвөн замаас Их дэлгүүр хүртэлх дулааны шугам, 20 дугаар дэлгүүрийн урд талын түнэлийн шугамыг сольсон байдаг.
 
Өөрөөр хэлбэл 30 гаруй жилийн өмнө шинэчилсэн эдгээр шугам өвлийн хэт их ачааллын үед гэмтэж, цоорох юм бол хотын төв тэр чигээрээ хөлдөж, өвөлжилтийн тав тухтай байдал алдагдана гэсэн үг. Энэ том аюулыг бид энэ жил даван туулж чадлаа. Бид энэ талаар Монгол Улсын Засгийн газарт санал оруулж 2013 оны 08 дугаар сард үүнийг шийдэх нь зүйтэй гэж үзэн Засгийн газрын тогтоол гарсан.
 
Үүнээс хойш бэлтгэл ажил, ажлын зураг гэж явсаар байгаад энэ жилээс ажил эхэлж биелэлээ оллоо. Хамгийн гол нь эдгээрийг өргөтгөн шинэчилснээр хотын төвийн дулаан хангамж эрс сайжирч байгаа юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Дэнжийн 1000,  долдугаар хороолол орчмыг дулааны эрчим хүчээр хангах боломжийг бий болгосон.
 
Энэ бол Улаанбаатар хотын хувьд нэн чухал ажил болсон. Нийслэлийн удирдлагуудын зүгээс уг ажилд маш их анхаарч ажиллана гэдгийг хэлье. Зам хаалттай байх хугацаанд нилээдгүй түгжирч, энэ орчмын айл өрхүүд халуун усаар олон хоног тасалдсан. Гэсэн хэдий ч нийслэлийн иргэд Та бүхэн тэвчээртэй хандаж, уг ажлыг дэмжиж, бидний ажилд туслалцаа үзүүлсэнд талархал илэрхийлье” гэлээ.  
 
Энхтайваны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун  дөрвөн замын уулзвар  хүртэлх замыг гурван үе шаттайгаар хааж зам засвар, шугам хоолой солих, өргөтгөн шинэчлэх ажлыг гүйцэтгэлээ.
 
Нэгдүгээр үе: Төв шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал хүртэлх замын зорчих хэсгийг 06 дугаар сарын 07-ны өдрөөс хааж, шинэчлэл, өргөтгөлийн ажил хийв. Эхний хэсгийн ажлыг 06 дугаар сарын 25-ны өдөр дуусгахаар төлөвлөж байсан ч гүйцэтгэлийг графикт зааснаас түрүүлж  хийсэн тул хугацаанаас нь өмнө буюу 06 сарын 21-ний өдөр дуусгасан.  
 
Хоёрдугаар үе: Цэцэг төвийн уулзвараас Улсын Их дэлгүүрийн уулзвар хүртэл замыг 2015 оны 06 дугаар сарын 21-нээс 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд хааж,  дулааны шугам хоолой өргөтгөн шинэчлэх ажил гүйцэтгэлээ.
 
Гуравдугаар үе: Улсын Их дэлгүүрийн баруун талаас Баруун дөрвөн зам хүртэлх шугам, хоолой өргөтгөх ажил 2015 оны 07 дугаар сарын 13-ний өдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ний өдөр дуусах төлөвлөгөөтэй байсан ч хугацаанаасаа өмнө дуусч, өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдрийн 14 цагаас автомашины хөдөлгөөн саадгүй зорчиж эхэллээ.
 
Дулааны шугам сүлжээний өргөтгөлийн шинэчлэлийн ажлыг 12.6 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр Хөгжлийн банкны  санхүүжүүлтээр, “Хангилцаг” ХХК, “Эй Би Жи Энерго” ХХК, “Гандирс орд” ХХК-уудын түншлэл хийж гүйцэтгэв гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.