sonin.mn
КИЕВ. /TASS/. Украин Олон улсын валютын сангаас /ОУВС/ ээлжит 1.7 тэрбум долларын зээл авсан тухай тус улсын Төвбанкны тэргүүн Валерия Гонтаревагийн мэдэгдэлд дурджээ.
 
“ОУВС-гаас авсан мөнгийг бид гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Манай гадаад валютын нөөцийн сан ерөнхийдөө өсч байгаа бөгөөд хэмжээг нь бид 2015 оны эцэс гэхэд бараг 18 тэрбум долларт хүргэхээр төлөвлөж байна” гэж тэрбээр хэлсэн байна.
 
Украинд тусламж үзүүлэх хөтөлбөрийн эхний хэлэлцүүлгийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл долдугаар сарын 31-нд дуусгасан бөгөөд  ээлжит зээлийн санхүүжүүлтэд 1.7 тэрбум орчим доллар гаргажээ. Таван тэрбум долларын эхний зээлийг Украин тус сангаас авсан юм. Татвар, санхүүгийн тогтолцоонд шинэчлэл хийх, авлигатай тэмцэх тухай хуулийн төслийг Украины парламентаар удаан хэлэлцсэний улмаас хоёр дахь зээлийн олголт саатсан байна.
 
Украинд санхүүгийн тусламж үзүүлэх дөрвөн жилийн хугацаатай хөтөлбөрийг ОУВС-гийн Захирлуудын зөвлөл гуравдугаар сарын 11-нд баталсан билээ. Уг хөтөлбөрт 17.5 тэрбум доллар гаргахаар тусгажээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг