sonin.mn
Жил болгон л их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгддэг. Тэгвэл энэхүү үйл явц энэ жил дахин давтагдахаар болсон байна. Тодруулбал, МУИС-ийн Удирдах зөвлөл 2015-2016 оны хичээлийн жилд II-V дамжааныхаа сургалтын төлбөрийг инфляцтай уялдуулан, 12 хувиар өсгөхөөр болжээ.
 
Харин I дамжааныхны төлбөрийг чиглэлээс нь хамаараад 30-40 хүртэл хувиар нэмсэн байна. Мөн МУБИС-ийнх 10-12 хувиар нэмэгдсэн ч сургалтын төлбөр нь 1.9 сая төгрөгөөс хэтрэхгүй аж. Тэгвэл ХААИС-ийн удирдлага I дамжааныхаа нэг кредитийн төлбөрийг 25, бусад дамжааныхыг 15 хувиар нэмжээ. Долдугаар сарын 8-нд болсон Удирдах зөвлөлийн хурлаараа энэ шийдвэрийг гаргаж, инфляцын түвшинтэй уялдуулсан байна.
 
АШУҮИС-ийнхны хувьд I дамжааныхаа төлбөрийг 45 орчим хувиар нэмжээ. II болон түүнээс дээш дамжааныхны төлбөрийг төдийлэн өөрчлөөгүй гэнэ. Төрийн өмчийн сургуулиуд төлбөрөө ийн нэмж байгаа бол энэ жил элсэгч цөөхөн байгаагаас хувийн сургуулиуд төлбөрөө бууруулж байгаа аж.
 
Сургуулиуд төлбөрөө хэрхэн нэмэх, түүнд яаж хяналт тавьж байгаа талаар МОХ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалаас тодруулахад Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид цөөхөн байгаагаас хувийн сургуулиуд элсэлт авч чадахгүйд хүрч төлбөрөө бууруулж байна.
 
Улсын сургуулиудын хувьд өсгөж байгаа. Төлбөр огт нэмэхгүй байх хэцүү. Бид сургуулиудын удирдлагыг төлбөр нэмсэн үндэслэлээ оюутнуудад тайлбарлах шаардлага тавьж байгаа.
 
Цаашид зөвхөн сургалтын төлбөрөөр санхүүждэг байдлыг халах хэрэгтэй. Бусад улсад сургуулийн санхүүжилтийн 30 хувийг төлбөрөөр бүрдүүлдэг. Гэтэл одоо манайд сургуулийн нийт төсвийн 90-95 хувийг бүрдүүлж байна. Сургуулиуд менежмент, алсын хараагүй байна.
 
Уг нь багш, оюутнуудынхаа судалгаа, бүтээлийг борлуулж, орлого олох боломжтой. Үүнийг эрэлхийлэхгүй, хамгийн амархан шийдэл гэж харан, оюутнуудынхаа төлбөрийг нэмдэг. Ер нь оюутнууд анх элсэхдээ төгстлөө хэдэн төгрөгийн төлбөр төлөх вэ гэдэг гэрээг сургуультайгаа байгуулдаг болох шаардлагатай.
 
Бид энэ тухай салбарын яам, Монголын их, дээд сургуулийн консорциумд санал тавьсан ч сургуулийн удирдлагууд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэ бол төлбөр үндэслэлгүй нэмэхээс хамгаалах арга. Сургуулиуд ч нэг, хоёр жилийн дараа төлбөрөө хэдээр нэмэхээ тооцож, гэрээнд тусгаж болно шүү дээ гэв.
 
Эх сурвалж: