sonin.mn
УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа Эрүүгийн хуулийн төсөл нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасан “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэх суурь зарчмыг гажуудуулсан гэж үзэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар О.Баасанхүү, Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ц.Ням-Дорж, Л.Цог, Б.Чойжилсүрэн, Ё.Отгонбаяр, Ө.Энхтүвшин нар төсөл санаачлагч Засгийн газарт нь буцаах нь зүйтэй гэж үзэн шаардлага хүргүүлсэн байна.
 
Уг хуулийн төсөлд эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн бүрэлдэхүүн гэх ойлголтыг үгүйсгэж, баялаг бүтээгч бизнес эрхлэгч хуулийн этгээдүүдэд 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэж тэдэнд олноор нь ял шийтгэл ногдуулах гэсэн, ял шийтгэлийн бодлого шударга, гэмт үйлдэлд нь тохирсон байх нөхцөлийг хангаж чадаагүй, тооцооны нэгж гэх хаа ч байхгүй зүйлийг торгох ялын хэмжүүр болгосон зэрэг үндэслэлүүдээр буцаах нь зүйтэй гэж үзжээ. 
 
Байнгын хороогоор төслийг хэлэлцэх үе шатанд УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ж.Батзандан нар уг хууль Үндсэн хуультай зөрчилдсөн тул хуралдааны үйл ажиллагаанд оролцох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж хурлыг орхин гарсан аж.
 
Гэтэл Байнгын хорооны хуралдааныг 19 гишүүнээс 9 гишүүний ирцтэйгээр үргэлжлүүлж, улмаар зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураасан нь хүчин төгөлдөр бус болсон гэсэн байна. Иймд УИХ-ын даргыг Улсын Их хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “ УИХ-ын үйл ажиллагаанд Үндсэн хууль, бусад хуулийг сахин биелүүлэх ажлыг зохион байгуулах” чиг үүргийнхээ дагуу Байнгын хорооны дээрх хууль бус санал хураалтын дүнг үндэслэн Эрүүгийн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхгүй байх, улмаар төсөл санаачлагч Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.