sonin.mn
СӨҮЛ. /TASS/. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны бэлэвсэн гэргий Ли Хи Хо Умард Солонгост айлчлахаар тус улсыг өнөөдөр зорилоо. Энэ тухай түүний тэргүүлж байгаа төлөөлөгчдийн багийн гишүүн болох Ким Сун Жэ Пхеньян руу нисэхийн өмнө мэдээлжээ.
 
“Сөүл болон Пхеньян хоорондын санал зөрөлдөөнийг даван туулахад болон  хоёр Солонгосын харилцааг сайжруулахад айлчлал нь тус дөхөм болно хэмээн Ли Хи Хо найдаж байгаа” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.
 
Ли Хи Хогийн айлчлалыг Өмнөд Солонгосын Засгийн газар баталсан бөгөөд хоёр Солонгосын харилцааг сайжруулахад тус дөхөм болох юм.
 
Умард Солонгост хийх айлчлалын үеэр хэлэлцэх асуудлууд болон уулзалтуудын талаар одоогоор мэдээлээгүй байна. Тэрбээр Пхеньян хотын эмнэлгүүд болон амаржих газар зочилж, Мёхянсан уулын амралт сувиллын газар очих бөгөөд шаардлагатай байгаа хүүхдүүдэд өгөх дулаан хувцас авч явжээ.  Түүнийг 19 хүнээс бүрдсэн төлөөлөгчдийн баг дагалдан явж байгаа аж. Айлчлалыг Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны хувийн урилгаар хийж байгаа юм.
 
Ким Дэ Жун Пхеньянтай харилцаагаа эрс сайжруулж чадсан "нарны гэрэл" гэж нэрлэдэг бодлогын гол санаачлагч байсан юм. Тэрбээр 2000 онд Умард Солонгосын нийслэл хотод айлчилж, тухайн үед тус улсын удирдагч байсан Ким Жөн Иртэй хэлэлцээ хийж байжээ. Энэ хэлэлцээний дүнд Солонгосын хойгт энх тайван байдал тогтоох тухай түүхэн тунхагт гарын үсэг зурсан юм.
 
Гэвч Ким Дэ Жуныг таалал төгссөний дараа Солонгос хоорондын харилцаа дахин аажмаар уналтад орж эхэлсэн билээ. Өдгөө 93 настай Ли Хи Хогийн Пхеньянд хийх энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг хэвийн болгоход тус дөхөм болно гэж Сөүлийн эрх баригчид таамаглаж байна.
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг