sonin.mn
АЛИВАА БҮХЭН ҮНЭНЭЭРЭЭ ҮНЭЛЭГДЭХ САЙХАН
 
1990 оны сонгуулийг дурсан хүндэтгэх олон улсын хуралд урилаа. Урьсан ёсоор нь очиж оролцлоо. Түүнийг олон мандат бүхий сонгуулийн анхны үлгэр жишээ хэмээн үзэж долдугаар сарын 29-ний өдрийг “Ардчилсан сонгуулийн өдөр” хэмээн жил бүр тэмдэглэдэг болох юм байна.
 
Тэр жилийн сонгууль бол Монголын ард түмэн түүхэндээ анх удаа өөрийнхөө төр засгийг өөрсдөө толгой мэдэж сонгосон сонгууль мөн байсан гэж тус хуралд илтгэл айлтгал хийсэн бүгдээр дуртган тэмдэглэж байв. Тэгэлгүй яах вэ. Үнэхээр л тийм сонгууль болсон юм. Яалт ч үгүй шил толь шиг тунгалаг сонгууль болсон.
 
Тус сонгуулийн комиссын 25 гишүүний нэг нь байсан учраас би энэхүү онцлог үнэнийг баттай хэлж чадна. Манай комиссын дарга нь Монгол ба Орос улсын баатар Ж.Гүррагчаа, гишүүдэд Жамсран, Б.Хурметбек, Ц.Өөлд, Д.Маам, Д.Дорлигжав, С.Баярцогт гэхчлэн нэртэй улстөрч байсныг санаж байна. Энэ сонгууль нь одоотой харьцуулбал яах аргагүй амьдралын хөрсөн дээр суурилсан шударга сонгууль болсон юм.
 
Элдэв бусын булхай луйвар байгаагүй гэж болно. Сонгуульд санал өгсөн 1 027 100 сонгогч өрсөлдсөн 2413 нэр дэвшигч оролцсон улс төрийн дөрвөн нам нь ч байгаагаараа л байсан.
 
Аливаа бүхэн үнэнээрээ байх сайхан байдагчлан энэ сонгууль үндсэндээ тийм л цэвэр сайхан сонгууль болсон. 430 суудлын төлөө 2413 нэр дэвшигч өрсөлдөж, түүнээс 430 хүнийг нь шалгаруулан шилж Ардын Их Хурлын депутатаар сонгосон. Дунджаар таваас нэгийг нь сонгосон болохоор яалт ч үгүй шилдгийн шилдгийг нь шалгаруулсан сонгууль мөн байсан. Таван хүний дотроос ганц сайн хүн олдож л таараа биз.
 
Тухайлбал, 430 депутатын суудлын 357-г МАН, 16-г МоАН, зургааг МҮДН, дөрвийг МСДН, 39-ийг бие даагч авсан тухай дүн мэдээ гарсан юмдаг. Тэдгээр шилдгийн шилдгүүдээс бүр илүү шилдэг гэсэн гурван эрхэм хүнийг төр засгийн гурван өндөрлөгт сонгож, Монгол Улсын хамаг хувь заяаг даатган хариуцуулсан түүхтэй байдаг. 
 
Тэдгээр онц эрхэм гурван нөхөр гэдэг нь чухамхүү хэн хэн байсан билээ, тэднийг юу юунд тохоон томилсон бэ хэмээвэл МАН-ын ахмад (тус намд хорин хэдэн жил болсон) гишүүн Пунсалмаагийн Очирбатыг шинэ төрийн анхны тэргүүнээр, мөн гишүүн Дашийн Бямбасүрэнг Ардчилсан Засгийн газрын анхны Ерөнхий сайдаар, МСДН-ын ги- шүүн залуу улстөрч Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг Байнгын парламентын анхны даргаар тус тус сонгосон байдаг.
 
Түүнээс гадна 1990 оны сонгуульд МАН нь үнэмлэхүй олонх буюу 84 хувийн санал авчихсан байхад тус намын ерөнхий нарийн бичгийн дарга (тэр үед МАН-д намын дарга гэж байгаагүй) Г.Очирбат, Намын төв хэвлэлийн эрхлэгч Л.Түдэв, нарийн бичгийн дарга Н.Багабанди, Б.Сумъяа, Болдбаатар нар төр засгийн долоон өндөрлөгийн суудалд суух гэж дээрх нөхөдтэй өрсөлдөөгүй нэг содон баримт бий.
 
Өөрөөр хэлбэл, тэр үеийн сонгуульд ялсан намын дарга нар төр засгийн өндөр суудалд өөрсдөө заавал суух гэж улайрдаггүй нь нэг намын хараат байдалд оруулахгүй, бие даалгасан ховор нандин давуу тал байсан.
 
Харин өөрсдийнхөө оронд өөрийн намын гишүүд дотроос илүү сайн хүнийг олж төр засгийн шийдвэрлэх эрх мэдэл бүхий албанд томилж ажиллуулах, цөөн суудал авсан бусад шинэ намын төлөөлөлд итгэл хүлээлгэж өндөр албан тушаалд томилон ажиллуулахыг хичээж байсан нь одоогийн улс төрийн ханшаар хэмжвэл санаанд багтах байтугай зүүдэнд ч оромгүй явдал байж билээ.
 
Жишээлбэл, МАН өөрөө 84 хувийн суудал авсан мөртлөө дөнгөж 0.9 хувийн суудалтай МСДН-ын Р.Гончигдоржийг Байнгын парламент болох Улсын Бага Хурлын даргаар, 1.4 хувийн суудалтай МҮДН- ын Д.Ганболдыг Засгийн газрын тэргүүн Шадар сайдаар, 3.9 хувийн суудалтай МоАН-ын Д.Дорлигжав, 84 хувийн суудал авсан Ардын намын Ч.Пүрэвдорж нарыг Засгийн газрын Шадар сайдаар, мөн МАН- ын гишүүн З.Зардыханыг УБХ-ын орлогч даргаар тус тус нэр дэвшүүлэн баталж үлэмжийн их итгэл найдвар хүлээлгэсэн байдаг.
 
Дээр нэрлэсэн дөрвөн нөхөр бол Ардчилсан төр засгийн анхны шадарууд. УИХ-д ганц хоёрхон суудал авсан намд ч Засгийн газарт төлөөллөө оруулж сонгогчдынхоо захиа даалгавар, санаа бодлыг илэрхийлж ажиллах боломж олгосноороо асар их сургамжтай анхны нэг томоохон алтан хуудас болсон. Хүссэн бүхэнд элч гэрлээ гадуурхахгүй хүртээдэг наран их хорвоогийн Алтан дүрэм гэж нэрлэмээр ийм жам ёсон байдаг.
 
Би одоо боддог юм. 1990 оны цагаан морин жилийн хувьсгал гэдэг нь зөвхөн нийгмийн амьдралыг зүгээр л нэг ардчилаад өнгөрөх өөрчлөлт байсангүй. Тэр бол Монгол дахь социализмыг капитализмаар солих системийн хувьсгал байсан байна. Тэгэхлээр тэр хувьсгалын торгон эхлэл болсон 1990 оны сонгууль нь энэ хувьсгалын үндсэн зорилт болсон хөрөнгөтний ардчилсан хувьсгалыг удирдан зохион байгуулж чадах чадамжтай төр засгийг сонгож байгуулах явдал байсан гэж болно.
 
Энэхүү алдар хүндтэй агаад адармаатай үүргээ ч нэр төртэй биелүүлсэн байгаа юм. Тэр нь дээр дурдсан олон намын оролцоотой төр засгийг байгуулсан явдлаар нотлогдож байна. Эндээс нэг сонин зүйл тодорхой харагдана. Юу гэвэл Ардчилсан хувьсгалыг 1921 оны Ардын хувьсгал шиг бас л анхны долоон хувьсгалч удирдсан байна.
 
Тэдгээр анхны долоог тусгайлан нэгтгэж нэрлэвэл МАН- ын гишүүн П.Очирбат, Б.Бямбасүрэн, К.Зардыхан, Ч.Пүрэвдорж тэр үеийн МСДН-ын гишүүн Р.Гончигдорж, МҮДН- ын гишүүн Д.Ганболд МоАН-ын гишүүн Д.Дорлигжав, нар юм. Яагаад анхны долоо хэмээн онцлов гэвэл социалист өмчийг задалж хувьчлах санаачилгыг тэд гаргаж эхлүүлсэн. Үнэ чөлөөлөх ажлыг тэд анх санаачилж эхлүүлсэн. Орос цэрэг, орос мэргэжилтнийг гаргах асуудлыг тэд шийдэж хэрэгжүүлсэн. Зарчмын хувьд хөрөнгөтний ардчилалд бүрэн утгаараа нийцсэн шинэ Үндсэн хууль боловсруулж батлуулах ажлыг тэд хариуцан зохион байгуулж мөнөөхөн сонгуулиар сонгогдсон Ардын депутатуудын их хурлаар 72 хоног хэлэлцүүлж батлуулсан.
 
Үүнтэй холбогдуулан тэдгээр ардчиллын анхны долоо дээр УБХ-ын нарийн бичгийн даргаар сонгогдож улмаар шинэ Үндсэн хуулийн эх баригчаар ажилласан МАН-ын ахмад гишүүн Б.Чимидийг нэмж нэр цохох нь зүй ёсны шаардлага байж таарна. Санаачилгыг анхны долоо нь гаргасан боловч шинэ Үндсэн хуулийн хувь заяаг үүрч гарсан гавьяа ер нь л тэр хүнийх. Зүй нь Б.Чимидийг л бүх насаар нь Үндсэн хуулийн Цэцийн дарга, тэргүүн шүүгчээр сонгочихмоор байсан ч тийм явдал болоогүй юм. Хэрвээ Б.Чимидээр Үндсэн хуулиа мануулсансан бол ардчиллын үйл явц арай л нааштай дулаан байх байсан биз.
 
Наад зах нь мөнөөх “Дордуулсан долоон өөрчлөлт” гээчийг Үндсэн хуулийнхаа хаалга цонхоор шагайлгахгүй байж чадах байсан. Ардчилсан хувьсгалыг ийнхүү анхнаас нь МАН-ын шилдэг улс төрчид болох П.Очирбат, Д.Бямбасүрэн, З.Зардыхан, Ч.Пүрэвдорж болон тус намын зонхилох олонхийн дэмжлэгт дулдуйдсан бусад шинэ намын Р.Гончигдорж, Д.Ганболд, Д.Дорлигжав гэх зүтгэлтэн манлайлан удирджээ.
 
Би зөвхөн эцэслэн шийдсэн үндсэн үр дүнгээр нь ярьж байна. Хазайсан, мурийсан, хэлбийсэн, хэтрүүлсэн асуудал гэвэл мэдээж олон бий. Ардчилсан хувьсгалын анхны долоод орсон П.Очирбат, Д.Бямбасүрэн нар хожим МАН-аас гарч Ардчилсан намд орсон байдаг нь хувийн үзэл бодлын чанартай өөр асуудал. Тэд МАН-ын гишүүн байхдаа л Ардчилсан өөрчлөлтийг зохион байгуулалцаж шинэ Үндсэн хуулиа батлалцаж байсан нь үнэн болно.
 
Анхны энэ сонгуулиар ардчилсан шинэ Үндсэн хуулийг өөрсдийн оюун санаанаас төрүүлж чадах чадамжтай тийм улстөрчдийг Монголын ард түмний дотроос олж депутатад сонгосноороо цагаанморинжилийнсонгуульүнэхээрийн оюунлаг гайхамшигтай сонгууль болсон юм. Миний үзэж байгаагаар бол уншиж барахгүй баян түүх, ухаарч дуусахгүй улс төрийн сургаал, магтаж ханашгүй алдар гавьяа тус сонгуульд бий. Энэхүү намтар баян сонгууль нь юуны өмнө хуучин шинэ хоёр нийгмийн тус тусын дархан хилийн торгон шугам эндээс л салдаг. Монголын ард түмний амьдрал ахуйн уламжлал шинэчлэл хоёр энд л нийлж сүлэлддэг.
 
АРДЫН НАМЫН БОДЛОГЫН ТУХАЙ ДУРДАТГАЛ
 
Тэр үеийн МАН-ын дарга, удирдагчдын баримталсан улс төрийн бодлогын чиг хандлагыг өнөөдрийн цонхоор харахад улс төрийн давуу эрх мэдлээр бизнес хийж баяжиж, хөлжих хандлага байгаагүй нь мэдэгдэнэ. Г.Очирбатын дараа тус намын ерөнхий нарийн бичгийн дарга болсон Б.Даш-Ёндонгийн үед ч тус намын дарга удирдагчид бас тийм чиг шугам баримталж байсан. 1990-ээд оны тэрхүү үлэмж ээдрээтэй түүхэн цаг үед МАН Засгийн эрх барьж байсан нь нэн азтай учрал болсон гэж боддог.
 
Тийм аз таараагүй бол Бээжин хотын төв талбайд болсон шиг жагсагчдыг нитгэрчихэж магадгүй л байсан. Гэвч тийм аюул тохиолдоогүй холуур өнгөрсөн. Бухарестад удирдагчдаа хөнөөсөн шиг аюул хөнөөл болоогүй бас холуур өнгөрсөн. Москвад төрийн Думын цагаан ордон руугаа буудсан шиг явдал бас холуур өнгөрсөн. Жаахан эвгүй хөндвөл бэлээхэн тохиолдож болох энэ мэт аюул хөнөөлийг бурхан тэнгэрийн хүч далдаас зайлуулав уу гэлтэй нам тайван өнгөрсөн нь гайхамшигтай содон байдаг.
 
Гэвч хоног хугацаа алсрах тусам тэрхүү нүднээ үл харагдах аврал өршөөлийн далд хүч нь ил тод мэдрэгдэх болж байна. Тэрхүү аврал өршөөлийн хүч нь тэнгэрт бус газарт, алсад бус Монголд, тухайлбал, манай ард түмний хүлээц тэвчээртэй сэтгэл оюунд байжээ.
 
Оготнын хамраас шүүс гаргаагүй том хувьсгал хийж чадсан нь юуны өмнө олон улсын болон дотоодын нөхцөл байдал хийгээд цаг үеийн тулгамдсан шаардлагыг холч ухаанаар тусгаж чадсан тус намын ач гавьяа, нөгөө талаар захиргаадах дэглэмийг халж чөлөөт ардчилсан тогтолцоог бий болгохоор амь хайргүй тэмцэж байсан олон түмний уужуу тайван сэтгэлгээний үр дагавар мөн байсан байна.
 
Тайван арга замаар нийгмийг ардчилахад тэр үеийн нам төрийн тэргүүн байсан бурхан болооч Ж.Батмөнх их гавьяа байгуулсан тухай ардчиллын зүтгэлтнүүд онцолдог юм билээ. Маргаан байхгүй үнэн. Гэвч түүнээс бусад нь тухайлбал тэр үеийн МАН, түүний төв хороо бүхэлдээ ардчиллын дайсан байгаагүйг цохон тэмдэглэх ёстой болов уу? Яагаад гэвээс Ж.Батмөнх дарга цор ганцаараа бүхнийг шийдээгүйг нотлох баримт хангалттай байдаг.
 
Ялангуяа намын төв хорооны 1990 оны гуравдугаар сарын 10-14-нд хуралдсан наймдугаар бүгд хурлыг мартаж болохгүй. Тус оронд тулгамдсан улс төрийн нөхцөл байдлын шалтгаан, хурц хямралаас гарах арга замыг хэд хоног нухацтай хэлэлцэж НТХ-ны ная орчим гишүүнийхээ санаа бодлыг сонссоны үндсэн дээр тусгай тогтоол гаргаж МАХН-ын ТХ-ны УТТ-г огцруулах асуудлыг нааштай шийдвэрлэсэн түүхийг онцлох учиртай байх. Басхүү тэмдэглэх учиртай нэг зүйл байсан.
 
Юу гэвэл тус бүгд хуралд үг хэлсэн хүмүүс цөмөөрөө ам нэгдсэн юм шиг хүнд сурталт хатуу захиргаадалтыг халж нийгэмд ардчилсан шинэчлэлт хийхийг шаардсан байдаг юм. Тэгэхлээр МАН- ын төв хорооны гишүүдээс эхлээд нам бүхэлдээ ардчиллын төлөө дуу нэгтэй тэмцэж байсан нь бас үнэн юм билээ.
 
Тэр үед Монгол орон гэдэг нь яг л цэнэгтэй бөмбөг, торхтой дарь шиг хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрэхэд бэлэн байсан. Ийм үед гал дээр тос нэмэх биш харин усан дээр ус нэмэх мэт нийлэмжтэй бодлого бүхнээс чухал байсан. Хэрвээ ус шиг нийлэмжтэй бодлогоор нөхцөл байдлыг зөөллөхгүй бол аз жаргалтай амьдрахыг л хүсч яваа хөвгүүд охид төдийгүй настан буурлуудынхаа алтан амийг ч хий дэмий бүрэлгэж болохоор аюултай байсан.
 
Энэ цонхоор харвал анхны сонгуулийн хамгийн үнэ цэнэтэй үлгэр жишээ бол ус шиг нийлэмжтэй байх уран цэцэн арга ухаан сүүхээлж чадсан улс төрийн туршлага юм. Энд ялангуяа тэг бүхэл аравны есөөс дөрвөн хувь хүртэл маш цөөн суудал авсан намуудын төлөөллийг ялгаварлан гадуурхахгүйгээр төрийн өндөр дээд албан тушаалд дэвшүүлсэн зэрэг сонгуулийн үр дүнг маш ухаалаг, эв зүйгээр, зөв хуваарилан зохицуулсан зэрэг олон тооны шударга санаачилга аминд орсныг онцолмоор байна. 
 
Өнөөдөр ч гэсэн хамаг гай гамшиг манай зарим удирдагчдын буруу ишилсэн сүх шиг мугуйд зөрүүд ааш араншингаас болоод байна. Үер ус хэчнээн ууртай догшин бухимдах мэт цухалдан чихэлдэн мөргөлдөвч ус нэгнийгээ хэзээ ч ухраадаггүй, устгаж үгүй хийдэггүй, гадуурхдаггүй, хөөж туудаггүй зөвхөн зүй зохистой нийлж нуур далай болтлоо аривждаг шиг яг л тийм нийлэмжтэй байх ёстой.
 
Ийм шаардлага олон түмний жагсаал цуглаан хот, хөдөөгүй хөөрч дэгдсэн 25 жилийн өмнө ч чухал байсан, өлсөж ядарсан ард түмэн тэвчээрээ барьж ядаж байгаа өнөөдөр ч мөн нэгэн адил хэрэгтэй байна. Улс төрийн эв нэгдэл аминд тулсан энэ эгзэгтэй үед хувийн бизнесийн охор богино бодлоор МАН-ыг Эв нэгдлийн Засгийн газраас хөөх гэж байгаа нь нэг л биш ээ.
 
Хэрэвхүйеэ анхны сонгуулийн үлгэр жишээг үнэхээр сүслэн дээдэлж байгаа л юм бол, хөх толбот Монголын ахан дүүс мөн л юм бол, үер ус шиг хоорондоо нийлэмжтэй байх зүрх сэтгэлээ алдчихаагүй л юм бол, 1930-1940-өөд оны улс төрийн хэлмэгдүүлэлтийг одоо дахин давтахыг хүсээгүй л юм бол, тус намыг дэмжиж ирсэн, дэмжиж байгаа ард олныг ийнхүү хирдхийлгэн гадуурхаж яавч болохгүй.
 
Эдүгээ дайны гал хамаг улстөрчдийн элэг зүрхэнд дүрэлзэж түүний гашуун утаа нийгмийн ухамсрыг нэлэнхүйд нь хүүшлэн харанхуйлаад байна. Энэ дайн бол мэдээжээр хүйтэн дайн. Нам хоорондынх биш ганц л АН-ын фракц хоорондынх. Тэгсэн мөртлөө бүх ард түмнийг хөлдөө чирэх гээд байна. Энэ дайн Таван толгойн талбай дээр арсалдаж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан энэ талын бүх асуудлыг гартаа авч зохицуулахыг Ерөнхий сайдад зөвлөсөн. Ямар сайндаа тэгэв гэж.
 
Саяхан Ерөнхий сайд бээр “Нэг бол намын даргаа надад өг, эсвэл Ерөнхий сайдынхаа албыг та өөрөө ав” гэсэн ил тод шаардлагыг намын дарга З.Энхболдод хүргүүллээ. Тэгтэл хуулийн хүчинтэй олонх болоогүй намын ерөнхий сайдад намын даргын суудал хамаарахгүй гэсэн утгатай үгийг зөвлөхөөрөө жиргүүлж ерөнхий сайдыгаа жижгэрүүлсэн гэж сонслоо. Бас МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас хөөх тухай асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэх болж байгаа гэнэ.
 
Энэ чинь бурхан шашны номлолоор зүйрлэвэл тус намаар сор залж хэдэн сайдыг нь золигт гаргаж байгаатай утга чанар нь адилхан үйлдэл. МАН-ынхан Тавантолгойн талаар Засгийн газраас анх оруулсан гэрээний төслийн санааг тухайлбал “Энержиресурс”-ийг дэмжсэн хэмээн хөөгдөж байгаа тухай яриа байна. Олны үг ортой байж таарна. Аливаа бүхэн үнэнээрээ байх юутай сайхан билээ. Анхныхаа сонгууль шиг үнэнээрээ л байцгаах хэрэгтэй байна санжээ. 
 
Х.ЦЭВЛЭЭ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн/