sonin.mn
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн ч гэрээний санхүүжилтээ авч чадаагүй, 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтэд олгох Засгийн газрын өрийн бичиг буюу Векселийг түр хугацаагаар зогсоосон талаар Сангийн яамнаас мэдээллээ.
 
УИХ-ын энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаар тогтоолоор нэг жилийн хугацаатай, 5 хувийн хүүтэй Вексель гаргах болсон. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас холбогдох яамд, төсвийн ерөнхийлөн захирагч нараас Векселиэр санхүүжих, төсөл арга хэмжээний саналыг авч нэгтгэн, долдугаар сарын 30-ны өдрөөс эхлэх 81 аж ахуйн нэгжид Вексель бичжээ.
 
Харин өнөөдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооноос Векселиер санхүүжүүлэх төсөл арга хэмжээний хэрэгжилтэд шалгалт хийх ажлын хэсэг байгуулж, шалгалт дуустал улсын төсвөөс хөрөнгө гаргахгүй байхыг Засгийн газарт даалгажээ. Үүнтэй холбогдуулан Сангийн яамнаас Векселийн санхүүжилтийг өнөөдрөөс эхлэн түр зогсоогоод байна хэмээн Сангийн сайд Ж.Эрдэнбат хэллээ.
 
Тэрбээр, Бид өнгөрсөн хугацаанд 81 аж ахуйн нэгжид 95.2 тэрбум төгрөгийн Виксель бичсэн: Өнөөдрөөс эхлэн дээрх аж ахуйн нэгжүүдэд санхүүжилт олгохоор төлөвлөж байсан ч Төсвийн байнгын хороонд аж ахуйн нэгжүүдээс гомдол ирүүлсэн учраас Вексель олголтыг түр зогсоож, шалгалт хийхээр болсон байна. Бид аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, санхүүжилт олгохоор ажиллаж байхад гомдол гаргасанд нь гайхаж байна. Ер нь бол гомдол гаргах бус талархал илэрхийлэх ёстой юм.
 
Сангийн яам дангаараа шийдвэр гаргадаггүй. Аливаа үйл ажиллагаа явуулахдаа холбогдох яамдаас санал, дүгнэлт, зөвшөөрлийг нь авдаг. Вексель гаргахдаа ч энэ журмаар ажилласан.
 
Тухайлбал, боловсролын салбарт бүтээн байгуулалт хийж буй нэг аж ахуйн нэгж Вексель авах хүсэлт ирүүлсэн тохиолдолд БСШУЯ-наас тухайн байгууллага хаана, ямар бүтээн байгуулалт хийж байгаа, тухайн төсөл дээр хэдэн жил ажиллаж байгаа, хэдэн төгрөгийн санхүүжилтээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж байгаа зэрэг бүх мэдээллийг авдаг. Үүний дараа Вексель бичдэг.
 
Вексель олгохдоо аж ахуйн нэгжүүдэд Гэрээний үнийг үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлсэн байх, төлөвлөгөөнд тусгасан ажлыг хийгээгүй байх, гэрээний нийт үнэ баталсан  төсвөөс хэтрээгүй байх гэсэн 15 шаардлага тавьж байгаа. Эдгээр шаардлагын нэгийг нь л биелүүлээгүй тохиолдолд Вексель олгохгүй” гэлээ.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг