sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /ВВС/. Энэтхэгийн баруун нутгийн Мумбай хотын ойролцоо орших Тхане тосгонд 50 жилийн настай барилга нурсны улмаас 11 хүн амиа алджээ.
Цагдаа нарын мэдэгдсэнээр, олон хүн энэ гурван давхар барилгын нурангид дарагдсан байж болзошгүй. Энэ хэрэг өнөө өглөө үүрээр болжээ.
 
Хотын захиргааны газар энэ барилгыг хуучирч муудсан, хүн амьдарч болохгүй гэж удаа дараа анхааруулсан ч оршин суугчид нь нүүхээс татгалзсан байна. Сүүлийн хоёр жилд Мумбайд орон сууц нурж унасны улмаас 100 гаруй хүн амиа алджээ.
 
Мумбайд 70 гаруй жилийн настай 14 мянга гаруй барилга байгаа аж. Чанаргүй материалаар мэргэжлийн бус хүмүүс барилга барьж байгаагийн улмаас Энэтхэгт барилга нурж унаж байна гэж албаны хүмүүс үзэж байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг