sonin.mn
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай зэрэг долоон аймагт ажиллаад ирлээ.
 
Тэрээр Засгийн газрын гишүүний хувиар орон нутгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны чиглэл, бүтээн байгуулалтын ажлуудаас онцолж ярилцсан бол Батлан хамгаалахын сайдын хувиар орон нутаг дахь Зэвсэгт хүчний анги байгууллагад ажилласан байна.
 
Түүнийг дагалдаж Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр, Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, хурандаа Ш.Энхбат, ЗХЖШ-ын газрын дарга, хурандаа М.Эрдэнэдалай нарын албаныхан ажилласан юм.
 
Аймгуудад ажиллах үед салбарынх нь сайдад ирсэн түгээмэл хүсэлт, санал гэвэл анги байгууллагын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цэргийн штабын орон тоог албан ёсны орон тоонд оруулах тухай голчлон байв.  
 
Түүнээс гадна хугацаат цэргийн албанд эрүүл мэндээр тэнцдэггүй залуусын тоо нэмэгдэж буйд санаа зовж буйгаа орон нутгийн болоод анги байгууллагын удирдлагууд онцлоод цаашдаа боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулах шаардлага байгаа ч энэ үеэр илэрхийлж байсан. Энэ нь хуучин цагт сурагчдыг биеийн тамирын хичээлээр чийрэгжүүлэн, бэлтгэх, өв тэгш бие бялдартай болоход анхаарч байсан бол сагсан бөмбөг тоглуулахаас өөр дасгалгүй болсон тухай ярилаа.
 
Хугацаат цэргүүд мэргэжилтэй болоод халагдаж байна
 
Ц.Цолмон сайдын баруун аймаг дахь томилолт Өвөрхангай аймаг дахь Зэвсэгт хүчний 256 дугаар ангиас эхэлсэн.  Ардын хувьсгалтай нас чацуу, Цэргийн гавьяаны улаан тугийн одонт энэ ангиас Монгол Улсын баатар 3, Хөдөлмөрийн баатар 2, Генерал цолтон 16 төрсөн түүхтэй. "Байлдагчийн халаасанд генералын мөрдөс бий" гэдэгчлэн ирээдүйн генералууд энэ ангид одоо ч  бэлтгэгдэж  байгаа нь ойлгомжтой юм.  
 
Батлан хамгаалахын сайдыг очиход хугацаат цэргүүд болоод байнгын цөөн тооны бүрэлдэхүүн нь Хархорин сумыг зорьсон байв. Энэ нь Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойн баяр наадам  Өвөрхангай аймгийн Хархорин суманд болж байгаа учраас цэрэг эрчүүд хамгаалалтын үүрэг гүйцэтгэхээр явцгаажээ.
 
Ангийн захирагч, хурандаа Ц.Дамдиндорж ангийнхаа үйл ажиллагаа, хийж хэрэгжүүлсэн ажлын тухай товч танилцуулахдаа анги  нь аймгийн төвөөс 10 гаруй км зайтай. Алба хаагчдын ажилдаа ирж, очиход нэгдсэн унаа байдаггүй нь шийдвэрлэх асуудлын нэг тухай онцолсон. Мөн хуучирсан барилга ихтэй учраас Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас Цэргийн гал тогоо болоод Соёл, спортын цогцолбор барьж өгөхөд анхаарахыг салбарынхаа сайдаас хүснэ лээ.  
 
Зэвсэгт хүчний 256 дугаар ангийнхны хувьд аймгийнхаа Мэргэжил сургалтын төвтэй хамтран ажиллаж байгаа юм байна. Тэд мужаан, хүнд машин механизм зэрэг хэд, хэдэн мэргэжлээр хугацаат цэргүүдээс эхлээд байнгын бие бүрэлдэхүүнээ сургаад авчээ.  Бүтээн байгуулалтын ажлаас тоймлон онцолвол анги түшиглэсэн 20 хүүхдийн цэцэрлэг юм. Алба хаагчдын хүүхдүүдийн хүлээн авах энэ цэцэрлэг нь стандарт шаардлагыг бүрэн хангасан бөгөөд  гагцхүү үйл ажиллагаа явуулах эрхийг нь аймгийн удирдлагын зүгээс өгөх эрх л үлдсэн байна.
 
Д.Ширмэн: Баянхонгор аймгийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний анги тэргүүлж байгаа
 
 
Ц.Цолмон сайдаар ахлуулсан багийнхны дараагийн томилолт  Баянхонгор аймаг байв. Улс орны томоохон бүтээн байгуулалт болон бүс нутгийн хөгжил дэвшил, байгаль орчныг нөхөн сэргээхэд оролцох Зэвсэгт хүчний оролцоо,  энхийг дэмжих болон хүмүүнлэгийн үйл ажиллагаанд зам, барилга, инженерийн чиглэлээр оролцох анги салбаруудыг бүсчилэн байгуулах ажлын хүрээнд Баянхонгор, Сүхбаатар, Баян-Өлгий аймагт 2010 онд Зэвсэгт хүчний анги байгуулж байв.
 
Энэ хүрээнд байгуулагдсны нэг нь Зэвсэгт хүчний 339 дүгээр анги юм. Анх майхан зоочихоод үйл ажиллагаа эхлүүлж байсан Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн хамт олон өдгөө байр байшингаа шинэчилж, ангийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор цэцэрлэгт хүрээлэн хүртэл өөрсдийн нөөц боломждоо тулгуурлан байгуулсан байна. Ангидаа төдийгүй орон нутагтаа хийсэн бүтээн байгуулалтын ажил ажил нөр их ажээ.
 
Тухайлбал, өөрсдийн хэрэгцээнд зориулан албан тушаалын 40 айлын орон сууцыг ашиглалтад өгсөн, Баянхонгор аймгийн Цэнгэлдэх хүрээлэн,  Нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Тагнуулын хэлтсийн барилга, Баянлиг сумын Төрөхийн өмнөх эхчүүдийн амрах байрны  өргөтгөл, их засвар, угсралтын ажлуудыг хийсэн. “Шинэ сум” төслийн хүрээнд Баянлиг, Бууцагаан сумуудын бүтээн байгуулалтын ажилд туслан гүйцэтгэгчээр оролцсон, Аймгийн төв замын дагуух ногоон байгууламжийг услах зориулалт бүхий усжуулалтын системийн угсралтын ажил хийсэн, Зэвсэгт хүчний 120, 123 дугаар ангиудын спорт заал, соёлын төвийн угсралтын ажил зэргийг нэрлэж болно.
 
Энэ тухай аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн "Манай аймагт Зэвсэгт хүчний анги байгуулснаас хойш бүтээн байгуулалтын ажлууд их урагштай байна. Тангараг өргөсөн цэргүүдийн бүтээн байгуулсан ажлууд чанартай байхаас гадна хугацаандаа амждаг. Анги байгуулагдсанаас хойш 197 хүнийг ажлын байраар хангасан байна. Энэ бол орон нутагт үзүүлж буй маш том дэмжлэг. Аймгийн удирдлагын зүгээс Засгийн газарт Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн цэргийн тоог нэмэх санал тавьсан байгаа.
 
Ингэснээр орон нутагт ажлын байр нэмэгдэж, залуучуудын мэргэжлийн чиг баримжаа ч гэсэн дээшилэх давуу тал олон бий. Хугацаат цэргүүд албаа хаахаас гадна мэргэжил эзэмшээд халагдаж байгаа нь маш зөв" гэж онцлов. Харин энэ ангийн тэргүүн ахлагч Б.Алтангэрэл "Батлан хамгаалахын яам 2015 оныг "Ахлагчийн жил" болгон зарласантай холбогдуулан ангийн хэмжээнд ахлагч нарт зориулсан хэд, хэдэн бүтээлч ажил хийснээ онцолсон юм.  Тухайлбал, 40 айлын орон сууцны 20-д нь ахлагч нар орсон, тэдний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан зэрэг бүтээлч ажлуудаа дурьдсан.
 
Ц.Цолмон сайд  ангид ажиллахаас гадна Баянхонгор аймгийн ард иргэдтэй уулзаж батлан хамгаалах салбарын бодлого чиглэлээс товчхон танилцуулсан. Иргэдийн зүгээс "Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцдэггүй залуусын тоо нэмэгдэх боллоо. Үүнд салбарын зүгээс яаж анхаарч байна. Хоёрдугаарт эрүүл мэндээр тэнцээгүй гээд чөлөөлчихсөн атлаа торгуулийн мөнгө нэхэх юм" зэрэг асуултууд голчлон тавьсан.
 
Үүнд Ц.Цолмон сайд "Би цэргийнхэндээ нэг зүйлийг онцлон хэлж байгаа. Хуучин цагт цэрэгт ирэх залуус бие бялдар нь өв тэгш, уншиж бичих нь тааруухан байсан бол өнөөдөр энэ нь эсрэгээрээ эргэжээ. Иймээс тулгуур эрхтэний өвчлөл багатай л бол чөлөөлөхгүйгээр цэрэгт аваад харин ч зүгшрүүлэх, сургах талаас нь ажиллах хэрэгтэй гэдгийг цэргийнхэндээ хатуу захиж байгаа" гэсэн юм. Баянхонгор аймагт ажиллахын төгсгөлд нь Зэвсэгт хүчний 339 дүгээр анги байгуулагдсаны 5 жилийн баярын арга хэмжээнд оролцож салбартаа түүчээлэн ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшуулж, ангийн хамт олны урлагийн тоглолтыг үзэж сонирхсон юм.  
 
Баруун бүсийн Сургалтын нэгдсэн төв ашиглалтад оров
 
 
Харин дараагийн өдрийн томилолт Ховд аймгаар үргэлжлэв. Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд эх орноо батлан хамгаалах их үйлсээс гадна ангидаа бүтээн байгуулалтыг өрнүүлсэн ажил ихтэйгээр салбарынхаа сайдыг угтаж авчээ. Тодруулбал, улсын төсвөөс нэг ч төгрөг авалгүйгээр өөрсдийн нөөц бололцоо болон орон нутгийн дэмжлэгтэйгээр Сургалтын нэгдсэн төвийг өөрсдөө барьж ашиглалтад оруулжээ.
 
Энэ төвийн нээснээр баруун бүсийн аймгууд дахь Зэвсэгт хүчний анги байгууллагаас НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдыг сургаж, ажиллагааны өмнөх бэлтгэлийг хангах боломж бүрдэнэ гэж үзжээ. Гэхдээ энэ санаачлага нь аажимдаа ажил хэрэг болох учраас эхний ээлжинд өөрсдийн алба хаагчдын сургаж мэргэшүүлэхэд түлхүү ашиглаж байхаа энэ ангийн захирагч онцолж байсан юм.
 
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийнхны хувьд Батлан хамгаалах яамнаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан бүтээж буй өөр нэг ажил гэвэл 32 айлын орон сууц юм.  Энэхүү орон сууц энэ ондоо багтан ашиглалтад орох юм байна. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон анги салбарынхаа үйл ажиллагаатай танилцсаны дараа Ховд аймгийн нутгийн удирдлагуудтай уулзсан юм.
 
Ховд аймгийн Засаг даргын орлогч Ч.Чинбатын хувьд Ц.Цолмон сайдад уламжилсан нэг хүсэлт нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийг нь орон нутагт нь хэрэгжүүлэх өгөх тухай байв. Тэрээр хэлэхдээ “Манай аймагт 5000 гаруй оюутан суралцаж байна. Тэдний 2000 гаруй нь “Оюутан цэрэг” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжвэл хамрагдах боломжтой гэдгээ судалгаагаар илэрхийлсэн. Иймд энэхүү хөтөлбөрөө манай аймагт хэрэгжүүлэх боломж байгаа эсэхийг судлаад хариу өгнө үү” гэсэн юм.
 
 Тэрээр цаашид хэлэхдээ "Ирэх жилийн Орон нутгийн хөгжлийн санд Зэвсэгт хүчний ангид хамаатай багагүй төсөв суулгах шаардлагатай юм байна. Суулгах ч болно. Нийгмийн асуудлаас эхлээд анхаарч ажиллах бишгүй ажил бий. Үүнийг Батлан хамгаалах яамтай хамтран шийдвэрлэхийн төлөө ажиллана" хэмээн тодотгов.
 
Баян-Өлгийд цэргийн алба хаагчдын орон сууц ашиглалтад орлоо
 
Олон ястны өлгий нутаг Баян-Өлгий аймагт зуншлага сайхан байна. Энэ аймагт таван жилийн өмнө барилгын цэргийн анги болох Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг байгуулсан нь өнөөдөр орон нутагт бүтээн байгуулалтыг ажлыг нугалах хөшүүрэг болтлоо хөгжжээ.
 
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Баруун бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг  чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэж  ашиглалтанд оруулснаас гадна Баян-Өлгий аймгийн Тагнуулын газрын барилга, Нэгдүгээр бага сургуулийн спорт заал, Алтай, Толбо, Цагааннуур сумын цагдаагийн кабоны барилга, албан тушаалын 40 айлын орон сууцны барилга зэрэг цэрэг эрсийн бүтээн байгуулалтын их ажлаас арвин байна.
 
Тэд таван жилийнхээ ойн баярын өдөр дахин нэгэн бүтээн байгуулалт сүндэрлүүлсэн нь албан тушаалын 40 айлын орон сууц. Батлан хамгаалах яамнаас 2015 оныг “Ахлагчийн жил” болгон зарласантай холбогдуулан нэг жилийн хугацаанд 16 автомашины гарааштай 40 айлын орон сууцыг барьж ашиглалтад оруулсан байна. Ингэхдээ нэг жилийн хугацаанд  Зэвсэгт хүчний хөгжлийн сангаас 2.5 тэрбум төгрөгөөр барьжээ. Тэд өөрсдийн барилгачин цэргүүдээ  ашиглан  80 айлын орон сууцыг барихаар төлөвлөсөн байна.
 
 "Ажилсаг, бүтээлч ангийн хамт олон 2011 оны Зэвсэгт хүчний “Тэргүүний тохижилттой анги”, 2012 онд Зэвсэгт хүчний “Тэргүүний анги”, 2013 онд Зэвсэгт хүчний “Тэргүүний хошой анги”-аар шалгарч байсан  нь та бүхний хөдөлмөрийн үр дүн юм. Энэ нь анги анх байгуулагдах зорилго, үйлсээ бүрэн биелүүлж, Монгол цэргүүд эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил дэвшилтэд өөрийн хувь нэмрээ оруулж буй илрэл юм" гэж салбарынх нь сайд онцолсон.  
 
Гэхдээ 40 айлын орон сууцыг дагасан нэгэн бэрхшээл тулгарсан тухай ангийн захирагч, дэд хурандаа Б.Дорждэрэм нуусангүй. Энэ нь орон сууцаа ангиа түшиглэж аймгийнхаа захад байгуулсан нь халуун, хүйтэн усны шугамгүй байх шалтгаан болжээ. Ангийн ойролцоо Засгийн газраас барьсан стандарт шаардлага хангасан "Битүү зах" ашиглалтад орсон ч худалдагч, худалдан авагч нар хуучин захаасаа "салахгүй" байгаа учраас шинэ нь худалдааны төв болж хараахан амжаагүй байна.
 
Хэрэв энэ төв ашиглалтад бүрэн орвол ангийн орон сууц эндээс шугамаа татаад явах боломжтой болж байгаа юм. Энэ тухайд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон "Битүү зах ашиглалтад орох нь цаг хугацааны асуудал. Түүнээс ашиглалтад орохгүй нь гээд манайхан өөрсдөө шугамаа хайж, зардал гаргаад явах шаардлагагүй. Засаг дарга Х.Дарментэй энэ талаар ярилцсан байгаа. Тэрээр орон нутгаас онцгой анхаарна гэдгээ амалсан" гэсэн хариулт өгсөн.
 
Харин Засаг дарга Х.Дармений зүгээс тавьсан хоёр хүсэлтийн нэг нь Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид казах иргэдийг ажилд авах тухай. Хоёр дахь нь цэргийн албан татагдсан казах залуусын төвийн аймгууд руу татах тухай байв. Тодруулбал "Манай аймагт Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг байгуулснаас хойш 5 жил өнгөрлөө. Энэ хугацаа бага мэт санагдавч тэдний хийж гүйцэтгэсэн ажил гэвэл тоймгүй их байна.
 
Ялангуяа, Бригадын генерал П.Доржсүрэн энэ ангийг суурь баазыг бэхжүүлж, өрхийг нь татаж өгсөн гавьяатай хүн. Бид орон нутгийн бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийг оролцуулах сонирхол дүүрэн байдаг. Яагаад гэвэл тэд өндөр төвшинд чанартай хийж чаддаг. Харин нэг асуудал байгаа нь энэ ангийнхан маань казах иргэдийг ажилд авдаггүй. Салбарын сайдын зүгээс казах иргэдийг ажилд авч болохгүй гэж хатуу захьсан зүйл байдаг уу. Нэгэнт энэ аймаг цэргийн ангитай учраас казах иргэдийг ажилд оруулмаар байна" гэсэн юм.
 
Ц.Цолмон сайд, Г.Сайханбаяр хурандаа тэргүүтэй албаныхан үүний дараа Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзаж батлан хамгаалах салбарынхаа тухай товч танилцуулсан. Иргэдтэй хийх уулзалтын үеэр ч гэсэн казах иргэдийг ажилд авахгүй байгаа тухай гомдол тасраагүй юм. Мөн энэ үеэр Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн бүтээн байгуулсан стратегийн ач холбогдол бүхий "Асгатын мөнгөний орд" хүрэх 7.3 км зам, 72.8 метр урттай бетон гүүрийг очиж үзсэнээс гадна анги байгуулагдсаны 5 жилийн баярын арга хэмжээнд оролцож салбартаа түүчээлэн ажиллаж байгаа зарим алба хаагчдыг шагнаж урамшуулж, анги хамт олны урлагийн тоглолтыг үзэж сонирхов.  Төгсгөлд нь Баян-Өлгий аймгийн Сагсай, Улаанхус дахь дугаар ангийн дугаар салбарын үйл ажиллагаатай танилцаж, ололт амжилт, бэрхшээл саадыг нь сонссон юм.
 
Увс аймагт  100 гаруй сумын удирдлагууд номын дуу сонсов
 
 
Увс аймгийн Улаангом хотод баруун бүсийн таван аймгийн Засаг дарга Тамгын газрын 100 гаруй дарга  нар "Цэрэг-стратегийн сургалт"-д хамрагдлаа. Сургалтын нээлтэд Ц.Цолмон сайд, Р.Сүхбат генерал, Г.Сайханбаяр хурандаа тэргүүтэй салбарын удирдлагууд оролцсон. Сумдын Тамгын газрын дарга нарын хувьд батлан хамгаалах салбарын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг  орон нутагт түгээх гол хөтөч нь болдог учраас тэдэнд сургалт зохион байгуулж буй нь энэ.
 
Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газраас энэ жил орон нутагт бүсчилэн сургалт зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар Батлан хамгаалах яамны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Г.Сайханбаяр "Засгийн газрын тухай хууль болоод Дайчилгааны хуулийн дагуу стратегийн бэлтгэл сургуулилтыг холбогдох албан тушаалтнуудад  явуулдаг журамтай. Энэ жил төлөвлөгөөний дагуу аймгуудаа бүсчилж сумын Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулж байна. Батлан хамгаалах салбарт гарч байгаа хөгжил, шинэчлэлийг орон нутагт ажиллаж байгаа төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан ард иргэдэд хүргэх зорилготой сургалт" хэмээн онцолсон юм. 
 
Сургалтад оролцогчид болох Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга П.Дашдорж, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнэ нар  "Бид  цэргийн тоо гаргахаас эхлээд , цэрэг татлагыг зохион байгуулах гээд ажил их байдаг. Энэ үүргээ амжилттай зохион байгуулж байгаа" гэв.
 
Архангай аймгийнхан Зэвсэгт хүчний анги байгуулах хүсэлт тавив
 
Томилолтын төгсгөлд Завхан аймаг болоод Архангай аймагт ажилласан. Завхан 325 дугаар анги нь эх орныхоо баруун бүсийн агаарын орон зайд хяналт тавих үүргийн хүлээн алба үүргээ гүйцэтгэдэг. Тэд үндсэн үүргээс гадна алба хаагчдынхаа нийгмийн асуудалд онцгой анхаарч ажиллаж буйгаа салбарынхаа сайдад онцолсон. Тухайлбал, орон сууцны цогцолбор барьж ашиглалтад оруулсан байна. 
 
Харин Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ "Манай аймагт цэргийн анги байгуулж өгөөч гэдэг хүсэлтийг олон удаа Засаг газар, Батлан хамгаалах яаманд хүргүүлсэн. Гэвч тоймтой хариу байдаггүй. Иймд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон та манай хүсэлтэд хариулт өгөөч. Ер нь цэргийн анги салбартай аймагт илүү том давуу тал болж байна. Бүтээн байгуулалтад түүчээлж чадаж байна. Иймд барилга инженерийн анги байгуулж өгнө үү" гэсэн хүсэлт байв. Тэр ч бүү хэл, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ анги байрлуулж болох  дөрвөн давхар бүхий обьектийн барилгыг санал болгож үзүүлсэн юм.
 
Дашрамд сонирхуулахад, батлан хамгаалах салбар дахь бүтээн байгуулалт үүгээр дуусахгүй. Энэ онд 63, 300 айлын орон сууцыг ашиглалтад өгнө. Зэвсэгт хүчний Хөгжлийн сангийн хөрөнгөөр Баян-Өлгий аймагт 40, Зэвсэгт хүчний 016 дугаар ангид 20, 353 дугаар ангид 20 айлын албан тушаалын байрыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Мөн Зэвсэгт хүчний анги, салбарын ажиллаж, амьдрах ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхээр Зэвсэгт хүчний 120 дугаар ангид Соёл, спортын цогцолбор,  Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд 800 хүний багтаамжтай цэргийн  байр, спортын цогцолбор, БХИС-ийн спорт цогцолбор, БХХСАХНЭ-ийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй явагдаж байна.