sonin.mn
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10.00 цагт 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.
 
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих асуудлын хүрээнд хамгийн өргөн хэрэглэгддэг арга хэмжээ нь татварын өршөөл юм. 2008 оны хоёрдугаар сарын 6-нд Татварын өршөөлийн тухай хууль баталжээ.
 
Уг хуулийн хүрээнд 4621 татвар төлөгч 8145 тайлан ирүүлж, татвар 748 иргэн, хуулийн этгээд төлөгчөөр шинээр бүртгүүлж, улмаар 431.6 тэрбум төгрөгийн татварыг Татварын өршөөлийн хуульд хамруулсан байна.
 
Энэ оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэх үед зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул Засгийн газарт буцаасан. Иймээс уг хуулийн төслийг дахин боловсруулж өргөн мэдүүлсэн хэмээн Хууль зүйн сайд Д.Дорлигжав хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдав.
 
Тэрбээр,  Энэхүү төсөлд татвар, нийгмийн даатгалаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон хуулийн этгээдийн бүртгэл, нягтлан бодох бүртгэлийн асуудлыг тусгасан нь урьд гарч байсан хуулиудаас илүү өргөн хүрээг хамарсан. Уг хуулийг баталж, хэрэгжүүлснэр илрээгүй байсан орлого, хөрөнгө ил гарч, тэдгээрийг хууль ёсны бүртгэл хяналтад оруулж, цаашид хууль тогтоомжийн дагуу татвар ногдох боломжтой болно.
 
Ингэснээр татварын суурь өргөсөх, санхүүгийн болон татварын хуурамч тайлангуудыг аливаа хүү, торгуульгүйгээр залруулж, зөв гольдрилд оруулах чиглэлээр бодитой үр дүн гарах юм” гэв.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Стратегийн ордуудад их хэмжээний мөнгөний асуудал яригддаг. Тиймээс стратегийн томоохон ордуудыг ашиглахад ашиггүй гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүдийг энэ хуульд хамруулахгүй байх нь зөв.
 
Зах зээлийн шилжилтийн үед эрх зүйн орчин боловсронгуй бус байсантай холбогдуулан далд эдийн засгийн тогтолцоо үүссэн байхыг үгүйсгэхгүй. Тиймээс ямар аж ахуйн нэгжүүдийг өршөөлд хамруулах вэ гэдгийг нарийн ангилах хэрэгтэй. Татварын өршөөлийн хуулийг дагаад сөрөг хандлага бий болдог. Өөрөөр хэлбэл, татварын өршөөлд хамрагдчих юм чинь гээд татвараа төлөхгүй байх, хөрөнгөө нуух асуудал үүснэ. Тиймээс үүнд анхаарах хэрэгтэй” гэв.
 
Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжлээ.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг