sonin.mn
Монгол Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулган өнөөдөр /2015.08.03/ нээлтээ хийлээ. Ээлжит бус чуулганы хуралдааны нээлтэд УИХ-ын 41 гишүүн хүрэлцэн ирж, 53.9 хувийн ирцтэйгээр эхэлсэн юм.
 
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж хэлсэн үгэндээ, Улсын Их хурлын 2015 оны хаврын чуулганы хугацаанд хэлэлцэж байсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг тус тус үргэлжлүүлэн хэлэлцэх гэж байна гэлээ.
 
Мөн тэрбээр, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын  төслийг өргөн мэдүүлэх асуудал хуульд заасан процессын дагуу явагдаж байгаа гэж мэдэгдсэн тул энэ 7 хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт орж байна. Уг асуудлыг хуулийн дагуу өргөн мэдүүлсний дараа үргэлжлүүлэн хэлэлцэх болно гэж хэлсэн юм.
 
 
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Эдгээр асуудлыг 14 хоногийн дотор хэлэлцэж, ээлжит бус чуулганыг өндөрлөхөөр төлөвлөсөн тул эрхэм гишүүд Та бүхнийг нам, эвслийн бүлэг, холбогдох байнгын хороо, чуулганы хуралдаанд идэвхтэй оролцож дээрх асуудлуудыг цаг хугацаанд нь багтаан батлана гэдэгт итгэж байна гэж хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.