sonin.mn
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эмнэлэгт энэ сарын 21-нд шавжинд хазуулсан гэх гурван иргэн ханджээ. Тэдний нэг нь өчигдөр нас барсан байна. Харин үлдсэн хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн иргэд тус сумын III багийн нутаг дэвсэрт явж байхдаа үл мэдэгдэх шавжинд хазуулсан бөгөөд хазуулсан хэсэг нь загатнах, хавдах зэрэг шинж тэмдэг илэрчээ. Тэр ч битгий хэл, биеийнх нь зарим хэсэгт үхжилт үүссэн байна. Энэ талаар холбогдох албаныхаас тодруулахад “Сүхаатар аймгийн Эрдэнэцагаан суманд “Хадтай ширээ” гэдэг газарт А гэгч нь хүзүүгээ хорхойд хазуулж битүү хавантай Сүхбаатар аймагт ирсэн. Ингээд аймгаас онгоцоор Улаанбаатар хотод ирж түргэнээр гэмтэлийн эмнэлэгт очоод нас барсан. Үхлийн шалтгааныг тогтоохоор задлан шинжилгээ хийсэн. Хариу нь 21 хоногийн дараа гарна. Эрдэнэцагаан сум руу шинжилгээний баг томилсон” гэх хариултыг өгсөн юм. Тэгвэл дээрх үйл явдалтай холбогдуулан Эрүүл мэнд, спортын яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс дараах зөвлөмжийг иргэдэд хүргэж, сэрэмжлүүлж байна. Тодруулбал, араатан амьтан болон чоно, нохойд хазуулснаас үүсэх халдварт өвчнөөс хамгийн аюултай нь галзуу өвчин юм. Амьтдын шүлсэнд байгаа вирус нь гэмтсэн арьсаар дамжиж халдвар үүсгэдэг. Тиймээс иргэд амьтанд хазуулсан шархыг бага гэж үл тоож болохгүй. Анхны тусламж үзүүлэхдээ цус гоожилтыг зогсоох гэж яарах хэрэггүй. Шууд эмнэлэгт хандах хэрэгтэйг анхааруулав.
 
Э.Сүрэн