sonin.mn
НҮБ. /Xinhua/. Өнгөрсөн оны долдугаар сард Украины зүүн нутгийн дээгүүр “MH17” дугаарын нислэг үйлдэж явахдаа сүйрсэн Малайзын нисэх онгоцны хэргийг мөрдөн шалгаж, шүүх олон улсын шинжээчдийн ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг батлахыг ОХУ эсэргүүцэн хориг тавилаа.
 
Уг тогтоолын төслийг батлах эсэхийг шийдэхээр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ өчигдөр санал хураажээ. Тогтоолын төслийг батлахыг НҮБ-ын АЗ-ийн 15 гишүүний 14 нь буюу ОХУ-аас бусад нь бүгдээрээ дэмжсэн аж.
 
Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysian Airlines” компанийн “MH17” дугаарын нислэгийн онгоц Амстердамаас Куала-Лумпур руу явж байхдаа Украины зүүн нутагт сүйрсэн юм. Онгоцонд сууж явсан 298 хүн бүгд амь эрсэдсэн билээ.
 
Энэ онгоцыг Украины зүүн нутгийн Оросын талыг баримтлагч босогчид харван унагаасан гэж Украин болон Өрнөдийн улсууд буруушааж байгаа юм. Гэхдээ тэд үүнийг эрс үгүйсгэсээр байна.
 
Онгоцыг Оросын нийлүүлсэн газар-агаар ангиллын “Бук” пуужингаар харван унагаасныг нотлох баримт бий гэж Украин болон Өрнөдийн улсууд мэдэгдсэн юм.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг