sonin.mn
Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал өнөөдөр Улаанбаатар хотноо болж, энэ үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний илгээсэн видео мэндчилгээг толилуулав.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга мэндчилгээндээ Монгол Улс  ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэж буйд бахархалтай байгаагаа илэрхийлээд улс орныхоо ардчиллын замналд шийдэмгий, тууштай хувь нэмрээ оруулж буй Монголын ард түмэнд баяр хүргэжээ.
 
Тэрбээр мөн, “Монгол Улсад 2009 онд хийсэн мартагдашгүй айлчлалынхаа үеэр ардчиллын тийм ахиц дэвшлийг би өөрийн биеэр мэдэрч байсан. Та бүхэн улс орныхоо улс төрийн тогтолцоо, сайн засаглал, сонгууль, эдийн засгийг улам бүр бэхжүүлэх замаар ардчиллын ололт, амжилтаа баяжуулж байгаад баяртай байна.
 
Дэлхий дахинаараа ардчилал, хүний эрхийг дээдлэхийн төлөөх үйлсэд Монгол Улс тэргүүлэгч хэвээр байхыг Та бүхнээс хүсч байна. Энэ үйлсэд Монгол Улс манлайлагч байж ирсэнд дахин талархал илэрхийлье. Ардчиллыг бэхжүүлэх, энх тайван, хөгжил, хүний эрхийг хөхиүлэн дэмжихийн төлөөх хүч чармайлтаа цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” гэжээ. 
 
Харин Европын комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер өөрийн мэндчилгээндээ,  “Олон зууны турш Монгол Улс нь Ази тивийн чухал тоглогч байсан бөгөөд Европ, Азийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Ирэх онд Та бүхэн АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтыг зохион байгуулах бөгөөд энэ үеэр АСЕМ-ын 20 жилийн ой тохионо. 
 
Ардчилсан нийгэмд шилжснээс 25 жилийн дараа энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болсон нь Монгол Улс олон улсын тавцанд өндөр байр суурьтай болсны нотолгоо юм”  хэмээн онцолсон бол БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улс ардчиллын өөрчлөлт шинэчлэлийг амжилттай хийсэн туршлага нь  олон улсын нийгэмд сайхан үлгэр дууриал болж байгаа төдийгүй Зүүн хойд Азийн бүс нутагт ардчиллыг дэлгэрүүлэх, энхтайвныг тогтооход томоохон хувь нэмэр оруулна гэж итгэж байгаагаа илэрхийлжээ.
 
Түүнчлэн тэрбээр “Монгол Улс ардчиллын 25 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ онд БНСУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой мөн тохиож байна. Солонгос, Монголын ард түмэн гарал үүсэл, соёлын хувьд ч гүнзгий хэлхээ холбоотой” хэмээн тэмдэглэсэн байна.
 
Ардчилсан чөлөөт сонгууль явуулсны 25 жилийн ойн арга хэмжээнд зориулж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ видео мэндчилгээ илгээхдээ, “Хүнд бэрх үе тулгарахад гараа сунган, харилцан хүндлэх, талархах сэтгэлээ үл мартах анд нөхрийн сэтгэл болон итгэлцэлд тулгуурласан харилцаа нь чухамхүү Япон, Монгол хоёр орны харилцаа юм. Манай хоёр улс эдгээр нийтлэг үнэт зүйлсэд суурилан цаашид ч гар гараасаа барин хамтдаа бүс нутаг болоод дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулахыг хүсч байна” гэжээ.
 
Мөн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Үндэсний Ардчилсан Лигийн тэргүүн Аунг Сан Сү Чий хүндэтгэлийн хуралд видео мэндчилгээ илгээсэн аж. Түүндээ, “Та бүхний амжилт бидэнтэй төстэй бусдыг мөн амжилтад хүрэхэд тус болно гэдэгт итгэж байна. Та бүхэн ардчилсан нийгмийн өмнө хүлээсэн үүрэг амлалтын хүрээнд илүү их эрх чөлөөг олж авахын төлөөх бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлнэ гэдэгт миний бие итгэл төгс байна” гэсэн байна.
 
Мөн Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Хайнц Фишер, Швейцарийн холбооны улсын Дэд ерөнхийлөгч Йоханн Шнайдер Амманн, Бүгд  Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Франц улсын Гадаад хэрэг, олон улсын хөгжлийн  сайд Лоран Фабиус, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нарын мэндчилгээг үзүүлж сонирхуулав.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг