sonin.mn
Монгол Улсын анхны ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулсан олон улсын хүндэтгэлийн хурал Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх П.Цагаан тус хурлын эхэнд хэлэхдээ “Монгол орны хувьд 1990 оны өдөр бүр түүхэн үйл явдлаар дүүрэн байсан.
 
Тэдгээрийн нэг, нэгэн оргил үйл явдал бол яах аргагүй 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр явагдсан анхны ардчилсан сонгууль юм” хэмээн тодотгоод 1990 оны цагаан морин жилийн хувьсгалын удирдагчдын нэг, 1990 оны АИХ-ын сонгуулийн 427 дугаар тойргийн депатутаар сонгогдсоноос хойш Монголын улстөрийн бүхий л амьдралд идэвхтэй оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг индэрт гарч үг хэлэхийг урьсан юм.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хурлын үйл үйл ажиллагааг нээж хэлэхдээ уг хуралд хүрэлцэн ирсэн болон мэндчилгээгээ ирүүлсэн олон улсын төр засгийн удирдлага, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд талархалаа дэвшүүлээд өнгөрсөн 25 жилийн хугацаанд Монгол Улс сонгуулийн тогтолцоонд төдийгүй нийгэм, эдийн засгийн хүрээнд олон талын ололттой байсан гэдгийг тэмдэглэв.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мөн үеэр “Монгол Улсын ардчиллын 25 жилийн ололт, амжилт, сургамж” сэдвээр илтгэл тавьсан ба үүний дараагаар олон орны удирдагчдын болон олон улсын байгууллагын төлөөлөгчдөөс ирүүлсэн мэндчилгээг үзүүлж толилуулсан юм.
 
Өнөөдрийн олон улсын хүндэтгэлийн хурлын энэхүү танхимд Монголын төр нийгмийн зүтгэлтнүүд, мөн гадаадын 5 улс орон,  9 олон улсын байгууллага, хавсран суугаа Элчин сайд 13, Улаанбаатар хот дахь 26 дипломат корпусын тэргүүн зэрэг нийтдээ гадаадын 114 төлөөлөгчид, хүндэт зочид хүрэлцэн ирсэн байна. Хурлын үйл ажиллагааг Монголын үндэсний олон нийтийн телевиз, Ийгл, Блүүмерг телевиз орон даяар шууд дамжуулж байна.
 
 Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг