sonin.mn
Монгол Улсад анхны ардчилсан, чөлөөт сонгууль зохион байгуулсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм.
 
Уг сонгуульд улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдсөн. Энэ нь Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болжээ. Тухайн үед Сонгуулийн насны нэг сая 20 мянга орчим хүн бүртгүүлснээс 97.9 хувь нь саналаа өгсөн байна.
 
Сонгуульд өрсөлдсөн МАХН нийт сонгогчдын 61.74 хувийн санал авсан. Харин АН 24.31 хувь, МҮДН 5.96 хувь, МСДН 5.53 хувь, МЧХН 1.24хувь, МНН 1.22 хувийн санал авч байжээ.
 
Энэ үед Сонгуулийн тухай хуулиар нийт сонгогчдын 2 хувиас дээш санал авсан нам АИХ-д орно гэсэн босго тогтоосон тул МЧХН, МНН жагсаалтаас хасагдсаж байжээ. Энэхүү сонгуулиар сонгогдсон гишүүд 70 хоног хуралдаж анхны ардчилсан Үндсэн хуулийг баталсан нь Монгол Улсын хувьд маш том дэвшил болсон юм.
 
Үүнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн 6 удаагийн, УИХ-ын 6 удаагийн сонгууль болж, сонгуулийн зохион байгуулалт, тогтолцоо сонгуулиас сонгуульд төгөлдөржиж, боловсронгуй болсоор ирсэн билээ.
 
Энэ жил анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 03 тоот захирамжаар уг түүхэн үйл явдлыг 2015 оны долдугаар сарын 29-30-нд орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
 
Түүнчлэн Засгийн газрын ээлжит хуралдаан энэ сарын 27-нд болж Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явагдсан өдөр буюу долдугаар сарын 29-нийг Бүрэн эрх, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэж, тогтоол гаргасан байна.
 
Монголд анхны ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр Олон улсын хүндэтгэлийн хурал, бусад арга хэмжээ болно. Хүндэтгэлийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга дарга, Монгол Улсын Ерөнхий сайд болон гадаад, дотоодын хүндтэй олон зочид оролцох юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг