sonin.mn
- Цаг хугацаа нь өнгөрсөн хойно үүл буудах 1000-аад сум оруулж ирж байгаа аж -
 
Улс төр ургац хураалт гээд ер ямар ч ажилд цаг үеэ мэдэрнэ гэдэг нэн чухал. Тэр дундаа ид тариалангийн үеэр бороо хур ороогүй, бас оруулаагүйн балаг өдгөө гарч ирээд буй энэ цаг үед салбарын “толгой” цаг үеэ мэдэрмээр байна. Уг нь эмэгтэй хүн аливаад их л мэдрэмжтэй ханддаг гэдэг дээ. Гэтэл энхрий хайрт намаа баалсаар байж сайдын суудалд заларсан Р.Бурмаад үнэхээр мэдрэмж алга. 
 
Энэ жил нийт нутгаар бороо хур тун бага орсон учраас ган гачигтай байгаа. Улмаар манай улс ургацынхаа 50 хувийг алдах нь бараг л тодорхой болоод байхад салбарын сайд үүнд санаа зовохгүй байгаа бололтой. Өөрийнхөө нэр хүндийг л нэгдүгээрт тавьж сууна. 
 
Тэрбээр хэдхэн хоногийн өмнө ХХАА-н сайдын хувиар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байх юм. Ингэхдээ Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны тэргүүн Л.Цандэлэгийг хариуцагчаар татжээ. Энэ дагуу өчигдөр тус дүүргийн Цагдаагийн газраас Л.Цандэлэгийг яаралтай ирж уулзахыг үүрэгдсэн байна. 
 
Харин түүний хувьд Увс аймагт ажлаар явж байгаа учраас оройдоо багтан нийслэлд ирэх гэнэ. Түүнтэй утсаар холбогдож цөөн асуултад хариулт авлаа.
 
-Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас таныг дуудсан гэсэн. Ямар учиртайг нь тодруулав уу?
 
-Р.Бурмаа сайдын гомдлоор юм гэнэ. Намайг яаралтай ирж уулз гэсэн. Ах нь хөдөө ажилтай яваа учраас шууд очих боломжгүй байна. Гэхдээ өнөөдөртөө / өчигдөр/ багтаж хот ороод Цагдаагийн газарт очно. Р.Бурмаа сайд намайг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь нэр төрд халдсан гэх үндэслэлээр тус дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасан байна гэсэн.
 
-Тэгэхээр та хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайдыг муулсан болж таарах нь. Тухайлбал, сүүлийн үед сайдын талаар ямар асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьчихсан юм бэ. Ер нь ургац алдах нь тодорхой болчихоод байгаа нь юутай холбоотой гэж харж байгаа вэ?
 
-Би анхнаасаа Р.Бурмаа сайдтай таардаггүй, хэл амаа ололцдоггүй байсан. Энэ хүн салбараа удирдаж чадахгүй байгаа нь нууц биш шүү дээ. Бид өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш үүл буудаж бороо оруулах шаардлагатай байна гэдгийг удаа дараа хэлсэн. Гэсэн ч “Үүл буудах сум байхгүй. Сумаа захиалж авахаар тендер зарласан ч будилаантсан” гэдэг хачин тайлбар хийсээр өдийг хүрсэн. 
 
Уг нь яаралтай ажилд тендер зарлаад байх шаардлагагүй. Гэтэл энэ мэтээр цаг алдсан атлаа одоо, өнгөрсөн хойно яамны зүгээс Хятадаас үүл буудах зорилгоор 1000-аад сум оруулж ирж байгаа юм билээ.
 
Л.Цандэлэг ийм хариулт өгсөн. Тэрбээр Р.Бурмаа сайдын өргөдөл гомдолд огт санаа зовохгүй байгаагаа ч мөн илэрхийлсэн. Түүнчлэн тэрбээр өөрийн твиттер хуудастаа энэ талаар “Гоё оо гоё, “дайн” эхэллээ. Миний хувьд Бурмаа чи буруу хүнээрээ оролдлоо доо. Би чамд хэлчихье, чи эхэлсэн шүү. Би эхлээгүй, миний сэлэм хуйнаас...” гэжээ. 
 
Ямартай ч салбарын сайд ургац хураалт төдийгүй, улаан буудайнхаа нөөцийг хэрхэн нөхөх талаар төдийлөн анхаарахгүй байгаа бололтой. Л.Цандэлэгийн хэлснээр ямартай ч ингээд “дайн” эхэлж байгаа юм байх. Ийнхүү салбарын сайд, тариаланчдын дунд энэ намаржин “дайн” өрнөх бололтой юм. За энэ ч яахав, нэг хэрэг.
 
Харин эдгээр нөхдийн “дайн”-ы хөлд ард түмэн үрэгдэхгүй гэх баталгааг хэн өгөх нь хариултгүй үлдэж байна. Өөрөөр хэлбэл, тариаланчид ургац алдаж “шатах”-ын цаана ард иргэд тэр чигээрээ “шатах” аюулд нүүрлээд байна. Үнэндээ ургацынхаа багагүй хувийг алдсанаар дотоодынхоо гурилын хэрэгцээг хангаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Ингэснээр ард иргэдийн хүнсний гол хэрэгцээ болсон гурил ховордож таарна. 
 
Нэг үгээр бол, хэн бүхний амьдралд шууд нөлөөлөх аюул. Тэр бүү хэл, ҮАБЗ-ийн хэмжээнд хүртэл энэ асуудлыг ярихад буруудах зүйлгүй болчихоод байна. Уг нь ургацаа алдахаар болсон энэ асуудалд юуны түрүүн салбарын сайд анхаарал хандуулмаар байгаа юм. Гэтэл эрхэм сайд үүнд төдийлөн анхаарал хандуулахгүйгээр барахгүй нэр төрөө хөөцөлдсөөр намрын сарыг барах нь. Уг нь энэ цагт Р.Бурмаа сайдын нэр хүндээс илүүтэйгээр ургац алдах аюул Монголыг тэр чигт нь нөмрөх гээд байна.
 
М.Өнөржаргал 
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин