sonin.mn
Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комисс байгууллаа
 
Энэ жил зуншлага тааруу, бэлчээрийн гарц алаг цоог, нийт газар нутгийн 50 орчим хувь нь гантай буюу гандуу байна. Энэ нь малын тарга тэвээрэг, хадлан тэжээл, тариа будааны ургацад муугаар нөлөөлнө гэж салбарын яамны мэргэжилтнүүд үзэж байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан Засгийн газрын хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссыг байгууллаа.
 
Монгол Улсын Шадар сайд тус комиссыг даргалж, орлогч даргаар нь Хүнс, хөдөө аж ахуйн сайд ажиллана.
 
Сангийн сайд, Эрчим хүчний сайд, Эрүүл мэнд, спортын сайд, БОНХАЖ-ын сайд, Зам, тээврийн сайд, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга болон зарим яамдын Төрийн нарийн бичгийн дарга, холбогдох байгууллагуудын дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар гишүүдээр ажиллана.
 
Өвөлжилтийн ажлыг зохион байгуулах Онцгой комиссын ажиллах журам, хариуцан гүйцэтгэх ажлын чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг боловсруулж, энэ долдугаар сарын 31-ний дотор багтаан танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, тус комиссын дарга У.Хүрэлсүхэд даалгалаа.
 
Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэлээ
 
Эрчим хүчний аюулгүйн нөөцөд авах тоног төхөөрөмжид шаардлагатай 4 тэрбум орчим төгрөгийг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхийг тус банкны ТУЗ-д зөвшөөрлөө.
 
Эрчим хүчний эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийг шинэчлэх, засварлах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа ч манай улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 80 гаруй хувь, Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн 100 хувийг хангаж байгаа гол эх үүсвэрүүд болох дулааны цахилгаан станцуудын тоноглолын насжилт өндөр болжээ.
 
Тухайлбал, “Дулааны II цахилгаан станц” ТӨХК-ийн үндсэн тоноглол болсон зуух, турбин, генератор 1961-1969 онд ашиглалтад ороод 50 орчим жил, Дулааны III цахилгаан станцын тоноглол 30-40 жил, VI цахилгаан станцынх 20-30 жил болжээ.
 
 Цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний тоног төхөөрөмжийн ихэнх хэсгийн ашиглалтын хугацаа дууссан, насжилт өндөр болсон зэрэг нь цахилгаан хангамж хэсэгчлэн болон бүхлээрээ хязгаарлагдах, өвлийн улиралд Улаанбаатар хотын дулаан хангамж ноцтой доголдох эрсдэл үүсээд байгаа юм.
 
Иймд хүйтний улиралд дулааны шугам сүлжээг хөлдөхөөс сэргийлж усыг нь эргэлтэд оруулах зөөврийн дунд чадлын генераторууд, зарим онцгой хэрэглэгчдийг хангах зөөврийн том чадлын генератор, 10 болон 35 кВ-ын хуваарилах байгууламжуудыг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн аюулгүйн нөөц бүрдүүлэх гэж байна.
 
Алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ
 
Алт олборлогч аж ахуйн нэгжүүд өнгөрсөн онд 7,1 тн алт олборлох төлөвлөгөөтэй ажилласнаас жилийн эцэст 11,4 тн-ыг олборлож, Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ 920 гаруй кг байжээ. Энэ 2015 онд 10 тн алт олборлохоор төлөвлөснөөс хагас жилийн байдлаар 3,6 тн-ыг олборлосон үзүүлэлттэй байна.
 
Иймд эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын төлбөрийн тэнцлийг дэмжиж гадаад валютын цэвэр албан нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алтны салбарын санхүүжилтийн тогтолцоог оновчтой болгох арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид, Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал нарт даалгалаа.
 
Энэ хүрээнд алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх 256 тэрбум төгрөг хүртэлх, нэг жил хүртлэх хугацаатай, 9 хувийн хүүтэй эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдад даалгаж, Монгол банкны ерөнхийлөгчид зөвшөөрлөө.
 
Мөн алт олборлох үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, өрийн баталгааны санд төлсөн шимтгэлийг үндэслэн нийт санхүүжилтийн эх үүсвэрийн үндсэн болон хүүгийн төлбөрийн 50 хүртлэх хувьд, тухайн жил дуусгавар болох нөхцөлөөр Засгийн газар өрийн баталгаа гаргаж, зохих журмын дагуу холбогдох гэрээ байгуулахыг Сангийн сайдад зөвшөөрлөө.
 
Автозамын барилгын ажын талаар дараах арга хэмжээг авна
 
Улаанбаатар хотод олон улсын шинэ нисэх буудал барихтай холбогдуулан Монголын талын гүйцэтгэх төсөл, арга хэмжээний хүрээнд Яармагийн товчоо-Зуунмод, Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн одоо ашиглагдаж байгаа автозамыг сайжруулах, Хөшигийн хөндийн нисэх буудлыг Өндөрдовын жуулчны бааз чиглэлийн автозамтай холбох 8,3 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн автозамыг тус  жуулчны баазтай холбох 5,8 км хатуу хучилттай автозамын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, барилга угсралтын ажлыг хэрэгжүүлэхийг Зам, тээврийн сайд Н.Төмөрхүүд, санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад даалгалаа.
 
АСЕМ-ийн дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх жил манай улсад зохион байгуулахтай холбогдуулан эдгээр зам, барилгын ажлын гүйцэтгэгч болон зөвлөхийн сонгон шалгаруулалтыг шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
 
Бүрэн эрхт байдал, ардчилсан сонгуулийн өдрийг тэмдэглэнэ
 
Монгол Улсад анхны ардчилсан чөлөөт сонгууль явуулсан долдугаар сарын 29-ний өдрийг Бүрэн эрхт байдал, ардчилсан сонгуулийн өдөр болгон тэмдэглэж байх Засгийн газрын тогтоол гарлаа.
 
Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд 1990 оны долдугаар сарын 29-ний өдөр болсон Ардын Их Хурлын депутатуудыг сонгох 12, орон нутгийн хурлын депутатуудыг сонгох 16 дахь удаагийн сонгууль нь Монголын түүхэнд анх удаа олон нам оролцсон, ард иргэд өөрсдөө төрөө сонгон байгуулсан түүхэн сонгууль юм.
 
Мөн улс төрийн 6 намаас гадна олон нийтийн байгууллага, хувь хүн, хамт олноос нэр дэвшин өрсөлдөж, Монголын түүхэнд хамгийн олон нэр дэвшигчтэй, чөлөөт ардчилсан сонгууль болжээ.
 
Энэ жил анхны ардчилсан чөлөөт сонгуулийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэ оны 03 тоот захирамжаар 2015 оны долдугаар сарын 29-30-нд орон даяар тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.
 
Товч мэдээ
 
·  “Аялал жуулчлалын үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж, эрхэлж байсан зарим ажил үйлчилгээг холбогдох төрийн байгууллагад шилжүүлэхээр боллоо.
 
·  Дэлхийн худалдааны байгууллагыг байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд нэгдэн орох тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов
 
·  Үйлдвэржилтийг дэмжих зорилтуудын хүрээнд төсөл хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн чиглэлүүдийг баталлаа. Батлагдсан чиглэлд хамаарах экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төслүүдэд 300 тэрбум төгрөг  хүртлэх санхүүжилтийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно.   
 
·  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейн өнгөрөгч сарын 28-30-нд манай улсад төрийн айлчлал хийсэн. Энэ айлчлалын дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.