sonin.mn
Монголын Иргэний Агаарын Тээврийн Нисгэгчдийн Холбоо (АLPA-MONGOLIA) нь ирэх сарын 04-06-нд Улаанбаатар хотноо "Олон Улсын Агаарын Тээвэрлэгчдийн Нисгэгчдийн Холбоо (IFALPA)-ны Ази, Номхон далайн бүсийн орнуудын хурал"-ыг зохион байгуулахаар болжээ.
 
Тус хуралд IFALPA-ийн гишүүн улсууд болох Авсрали, Бангладеш, БНХАУ, Фижи, Хонг Конг, БНЭУ, Индонез, Япон, БНСУ, Малайз, Шинэ Зеланд, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Филипин, Сингапур, Шри Ланк, Тайланд зэрэг 17 улсын 30 гаруй төлөөлөгч оролцож, бүс нутгийн агаарын тээвэрлэгчдийн өмнө тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх юм.
 
Дэлхийн II дайны дараа НҮБ байгуулагдаж, түүний харъяа хэд хэдэн төрөлжсөн агентлагууд байгуулагдсаны нэг нь Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага ИКАО бөгөөд Олон Улсын иргэний нисэхийн бодлогыг гаргаж эхэлсэн байна.
 
ИКАО нь эхэн үедээ нисгэгчдийн оролцоогүйгээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба нисгэгч нь олон орны хил дамжиж, зорчигчдынхоо аюулгүй байдлыг хангаж ажилладгийн хувьд ИКАО-д өөрийн дуу хоолойг хүргэхээс гадна гаргаж буй аливаа бичиг баримтын боловсруулалтанд оролцох зайлшгүй шаардлага гарч, хамтран ажиллах зохион байгуулалтанд орсноор 1948 оны 4-р сард Англи улсад IFALPA-ийн анхны хурлыг хийж байсан нь өдгөө жил бүр зохион байгуулдаг уламжлал болжээ. IFALPA нь 100 гаруй улсын Нисгэгчдийн холбоог нэгтгэсэн 100.000 гаруй гишүүнтэй дэлхийн том холбоодын нэг бөгөөд маш өргөн хэмжээний сургалт, семинар зохион байгуулдаг юм.
 
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг