sonin.mn
МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хороо элэгний B,D вирус, архаг хатуурал гэсэн оноштойгоор элэг шилжүүлэн суулгах шаардлагатай байгаа 25 настай залуу Н.Ариунжаргалд туслах сайн үйл аянд нэгдэж байгаагаа албан ёсоор зарлалаа.
 
Н.Ариунжаргал нь 2012 онд МУИС-ийг Алтан медальтай төгссөн бөгөөд 2012 оноос Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Иргэдийн Хурлын төлөөлөгч, Үндэсний Залуучуудын зөвлөлийн гишүүн, МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооны тэргүүлэгч гишүүн, Улаанбаатар дахь Сэлэнгэ аймгийн Залуучуудын холбооны дэд тэргүүн зэрэг сонгуульт албыг хашдаг нийгмийн идэвхтэй, цаашид улс эрх орныхоо хийж, бүтээх чин хүсэл эрмэлзэлтэй шилдэг, манлайлагч залуу юм.
 
Н.Ариунжаргал нь 2010 онд элэгний B,D вирус, архаг хатууралтай гэсэн онош тогтоогдож Монголдоо эмчилгээ хийлгэж байсан бөгөөд энэ оны 06 дугаар сарын 23-нд биеийн байдал хүндэрч, эмнэлэгт хүргэгдэж гадаадад яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай гэсэн онош тогтоолгосон.
 
Энэхүү хагалгаа нь Энэтхэг улсад хийлгэх боломжтой бөгөөд эмчилгээний зардал 100 сая төгрөг аж. Иймээс Н.Ариунжаргалын найз, нөхөд нэгдэн “Найзынхаа төлөө” сайн үйлсийн аяныг эхлүүлсэн байна. Одоогийн байдлаар хандиваар 7 сая төгрөг, гэр бүл, найз нөхдийн хүрээнд  20 сая төгрөг нийт 30 сая төгрөг цугларчээ.
 
Эх орны ирээдүй, хөгжил дэвшилд гар бие оролцон, нийгмийн сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулж яваа Н.Ариунжаргалд Монголчууд та бүхэн минь тусалж, энэхүү сайн үйлсийн аянд нэгдэцгээнэ үү хэмээн МЗХ-ны Хүмүүнлэгийн байнгын хорооноос уриаллаа.
 
Б.Туул
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг