sonin.mn
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө нэгдсэн холбооны анхдугаар хурал өнөөдөр Монголын Хүүхдийн ордонд боллоо. Монгол Улсын хэмжээнд 16 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг гэсэн судалгаа бий.
 
Эдгээр хүүхдүүдийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажил, үйлчилгээ тэр бүр олныг хамарч, зорилтот бүлэгт хүрч чадахгүй байгаа нь нэгдсэн холбоо байгуулах гол үндэслэл болсон гэдгийг тус холбооныхон хэлж байна. Дэлхийн жишигт хүрсэн орчин нөхцөлд хүүхдийг хөгжүүлэх, асран хамгаалагч, гэр бүлд тулгамдаж буй асуудлыг хамтдаа шийдэхийн тулд энэхүү холбоог байгуулжээ.
 
Эл холбоонд нэгдсэн байгууллагууд цаашид өөрсдийн үйлчилгээг чиглэлийн дагуу хүүхэд нэг бүрт хүргэх зорилготой ажиллах юм.
 
 “Өгөөмөр сэтгэл нийгэмлэг” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Алтантүлхүүр хэлэхдээ, “Хөгжлийн бэрхшээлтэй” гэж нэрлэгдээд байгаа хүүхдүүдийг ирээдүйн амьдралд нь итгэл үнэмшлээр дүүрэн, зоригтой, зоригодоо хүрэхэд нь гүүр болж өгөх, нийгэмд танилцуулах шаардлага нэн хэрэгцээтэй байна. Ирээдүйд “халамжаас” хараат хүмүүсийн тоог бид хасаж чадна гэдэг итгэл биднийг нэгтгэж байна” гэв.
 
Өнөөдрийн байдлаар тус холбоонд “Энэрлийн түүчээ”, “Гал Дөл”, “Хүүхэд гэр бүлийн тэгш хөгжил”, “Өгөөмөр сэтгэл нийгэмлэг”, “Ээлтэй ертөнц” зэрэг ТББ болон ХУД-ийн Залуучуудын холбоо нэгдээд байна. Цаашид Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө ажилладаг, байгууллагууд, төвүүд нэгдэхийг тус холбооноос уриалав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг