sonin.mn
Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын мал аж ахуйн салбарт орон нутгийн түүхэнд тэмдэглэхээр онцгой үйл явдал цөөнгүй тохиосны нэг бол “Цагаан-Уул” омгийн хонийг улсын санд бүртгүүлэх үйл ажиллагааг эхлүүлсэн явдал юм.
 
ХААИС-ийн багш, эрдэмтдийн хамтарсан баг судалгааны ажлаа жилийн турш хийсэн бөгөөд энэ хонин жилд албан ёсоор үр дүнг нийтэд зарлах аж. “Цагаан-Уул” хонийг омог болгон бүртгүүлснээр нэгж хонин толгойн зах зээлийн үнэлгээ дээшилж малчдын амьжиргаа сайжрах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.
 
Цагаан-Уул сумын бэлчээрийн ургамал, мал маллах арга, аргачилгаа, малын үүлдэр угсаа зэргээс шалтгаалж хонин сүргийн махны чанар, амт, нэгж малын амьдын жин өндөр байдаг онцлогтой. Энэ онцлогийг судлан баталгаажуулахад зориулж сум хөгжилийн сангаас 10 сая төгрөгийг сумын ИТХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Тус сум мал сүргээрээ аймагтаа тэргүүлдэг ба 5000 гаруй малчидтай ажээ.
 
Хөвсгөл аймаг Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг