sonin.mn
1990 оны 7 дугаар сард болсон Монголын анхны ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардын Их Хурлаас Ерөнхий сайдаар томилогдож анхны эвслийн Засгийн газрыг толгойлон ажилласан Дашийн Бямбасүрэнтэй тухайн үеийн гадаад дотоод нөхцөл байдал, анхны ардчилсан сонгууль хийхээр шийдвэрлэсэн цаг үеийн талаар хөөрөлдлөө.
 
- Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай, нэг намын тогтолцоотой байсан Монгол улсын хувьд ардчилсан чөлөөт сонгууль анх явуулах болсон нөхцөл байдлын талаар та өгүүлнэ үү?
 
-1990 он хүртэл Монгол улс ЗХУ тэргүүтэй Социалист хамтын нөхөрлөлийн орнуудад багтаж байсан. Энэ утгаараа улс төр, нийгмийн байгууллын өөр тогтолцоотой байсан. 1980-д оны сүүлч үеэс социалист нийгэм өрсөлдөх чадваргүй болоод задарч эхэлсэн. 1990 он гэхэд зүүн Европын орнууд үндсэндээ социализмаасаа татгалзаж, баруун тийш эргэж ЗХУ-аас Балтийн тэнгисийн орнууд, Гүрж улс тусгаарлах хандлага гараад социалист тогтолцоо үндсэндээ ганхчихсан байсан үе.
 
Ийм үед бие даасан эдийн засаггүй гадны улс орны зээл тусламжид дулдуйдаж амьдарч байсан Монгол орны хувьд яаж өөрийн аюулгүй байдлыг хангах вэ гэдэг асуудал маш их эгзэгтэй болж ирсэн л дээ.
 
1989 оны сүүлч үеэс эхлээд Монголд ардчиллын төлөө хөдөлгөөн зохион байгуулалтад орж, МАрдчилсан холбоо байгуулагдсан, олон удаагийн жагсаал цуглаан хийсний дараа ер нь ардчилсан хөдөлгөөнөөс тавьж буй зорилтууд, цар хүрээ аяндаа тодорхой болж эхэлсэн.
 
Ардчилсан Холбоо анх байгуулагдахдаа социализмыг хүмүүнлэг болгоно, МАХН-ын өөрчлөн байгуулалтыг идэвхжүүлэх замд оруулна гэсэн шаардлага, эрмэлзэлтэй байсан бол, сүүлдээ 1990 оны хаврын үйл явдлуудын дүнгээс харах юм бол ерөнхийдөө социалист тогтолцооны хүрээнд бид амьдрах боломжгүй гэдэгээ нийтээрээ ойлгож эхэлсэн.
 
Хоёрдугаарт, олон жил ЗХУ-г дагаж хараат дагуул орон явсан байдалаа өөрчилж тусгаар тогтнолоо гартаа авъя гэсэн зорилтууд тодорхой болж эхэлсэн. Байдал нэлээд төвөгтэй байсан л даа. Хойд талд хэдийгээр ЗХУ суларлаа ч гэлээ гэсэн коммунист нам нь төрийн эрх барьсан хэвээрээ, социализмын үзэл номлолд үнэнч хэвээр байсан үе.
 
Ер нь социализмаа сайжруулаад өөрчлөөд явах боломжтой гэсэн бодолтой байсан. Урд талд Хятад улстай бид олон жил хөндий, хол харилцаатай, харилцаагаа сэргээж амжаагүй байсан. Үүний дээр Хятад улс коммунист засаглалтай орон. Энэ дундаас Монгол орон өөр нийгмийн байгууллын сонголт хийхэд их төвөгтэй л дөө.
 
Ийм үед 1990 оны 3-р сард болсон үйл явдлын гол агуулга нь монголчууд дотороо хямарч хоорондоо тэмцэх биш, нийгмийн үндэсний зөвшилөө түшиж нийгмээ өөрчилж болох юм байна, өөр зам байхгүй гэсэн ойлголт байсан.
 
Энэ ойлголтын үндсэн дээр 3-р сарын 09-нд МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцороод, 4-р сарын 11-нд УИХ хуралдаж төрийн бүтцэд өөрчлөлт хийж, Үндсэн хуулийн зарим заалтуудыг өөрчлөөд цаашаа явсан.
 
Гэхдээ энэ үед Монгол оронд тохиолдож байсан өвөрмөц зүйл гэх юм бол социалист, коммунист засаглалтай хоёр том орны дунд битүү хүрээлэлтэй, гадагшаагаа зах зээл байхгүй байсан. Монголын гадаад худалдааны 85 хувь нь ЗХУ-д, 10 хувь нь европын социалист орнуудад ногдож байсан. Европын орнууд баруун тийшээгээ яваад өгөхлөөр бид ямар ч харилцаа байхгүй болсон.
 
Гэтэл Монгол улс үйлдвэрийн машины эрэг шураг, тослох материал хүртэл бүгдийг социалист орнуудаас авдаг байсан, тэр нь байхгүй болохоор үйлдвэр, аж ахуйнууд хүнд байдалд орж эхэлсэн.
 
1990 онд сонгууль явуулах шийдвэр гаргах үед нэг талаас Монголд ардчиллын төлөөх хөдөлгөөнүүд нэлээд хэлбэржээд, МоАХ, Монголын шинэ дэвшил холбоо, Монголын Ардчилсан Социалист Холбоо байгуулагдчихсан, нөгөө талаас холбоо дотроосоо улс төрийн намууд төрж гарах, тэд өөрсдийн үзэл бодол, онцлогоо илэрхийлэх нөхцөл нь бүрдсэн үе байлаа л даа. Ийм үед л сонгууль явахаас, огт хоосон бужигнасан орчинд сонгууль явуулж чадахгүй шүү дээ.
 
Ийм байдалтай сонгуульд орох болсон. Сонгуулийг 7-р сарын 29-нд зарласан. Гэхдээ наана нь жижиг сажиг хямралууд тохиолдож байсан. Жишээлэхэд 4-р сарын 27-28-ны үеийн жагсаал цуглаан нэлээн хурц болж, гадаад орнууд Монголчууд цэргийн хүч хэрэглэх нь үү гэсэн болгоомжлол төрж байсан үе бий.
 
Гэхдээ бид нар дээд түвшиндээ бол цэргийн хүч хэрэглэхгүй, тайван замаар асуудлаа шийдэх боломжтой гэсэн байр сууриа хадгалж байсан. Ардчилсан хүчнүүд ч үүнийг ойлгож байсан болохоор хүчээ нэгтгээд явсан. Монголын тайван хувьсгалын онцлогыг хэлэе гэвэл үндэсний зөвшилд тулгуурласан дотроо хурц тэмцэлгүйгээр асуудлаа шийдэж, нийгмийн байгуулалаа өөрчилөх зам мөр байсан.
 
-Монгол улс Хятадтай харилцаа хөндийрсөн байсан үе гэж та сая яриандаа дурдлаа. Харин ЗХУ-н хувьд Монгол улсыг нийгмийн өөр тогтолцоонд шилжихэд таагүй хандаж, нөлөөлөх оролдлого гаргаж байсан уу?
 
-Монгол улс 1960-д оны эхэн үеэс эхлээд Хятад улстай эдийн засгийн харилцаа холбоо тасраад, улс төрийн хувьд ч хүйтэн харилцаатай 20 гаруй жил явж ирсэн байсан. Зөвлөлтийн 20 гаруй мянган цэрэг Монголд байгаа нөхцөлд Хятад улс Монголыг өөрөөр харж байсан байх л даа.
 
1989 оноос эхлээд М.Горбачев Владивосток-т Монголоос цэргээ гаргах тухай мэдэгдэл хийсний дараа байдал нэлээд өөрчлөгдөж эхэлсэн. Хятадын дээд удирдлагад ч Монголтой харилцаагаа сэргээх боломжийг ашиглах юмсан гэсэн бодол байсан байх. Гэхдээ нэгэнт аж ахуйн харилцааны тогтсон механизм байхгүй, арилжаа худалдааны тогтвортой сүлжээ бий болоогүй байна гэдэг чинь бүх юм тохиолдлын чанартай явна гэсэн үг л дээ.
 
1989 он гэхэд бид Хятад улстай цөөхөн нэр төрлийн барааны худалдаа хийдэг байлаа. 1990 оны сүүлч 1991 он хүрч байж бартерийн худалдаа гээч маань эхэлж, Эрээний зах зээл, бусад боомтууд нээгдсэн юм шүү дээ.
 
Зөвлөлтийн хувьд болгоомжилж байсныг үгүйсгэхгүй л дээ. Социалист систем болохоо болилоо гэдэг нь нэлээд дээр үеэс тодорхой болоод, 1988 оноос социализмын асуудлыг судлах Коммунист ажилчин намуудын эрдэмтдийн зөвлөл гэж хаалттай зөвлөл ажиллаж эхэлсэн юм л даа. Би Монголын талаас энэ зөвлөлд толгойлж оролцдог байсан.
 
Тэндээс харахад Зөвлөлт, зүүн Герман, Чехийнхэн социализмаа хадгалах л сонирхолтой, Унгар, Польш, Болгар социалист систем болохоо байчихлаа, энэ замаар бид мухардалд орлоо гэсэн байр суурьтай байсан. Тэр үеэс Зөвлөлтийнхөн ажиглаж байсан байх. Гэхдээ зөвлөлтийнхөний хувьд Монголчууд тэдний хараат байдлаас гараад явчихна гэж бодоогүй. Тэд Монголын төрийг Горбачевийн өөрчлөн байгуулалтыг дууриагаасай гэж хүсч байсан байх л даа.
 
1990 оны ардчилсан хөдөлгөөний жагсаал цуглаануудаар хоёр орны харилцааны зарчмын асуудлууд, өв уламжлалын асуудлууд яригдаад эхлэхээр аяндаа асуудлууд тодорхой болсон. Ялангуяа 1990 оны 3-р сарын 04-ны жагсаалаар жагсагсдын зүгээс ЗХУ-д тавьсан шаардлагууд, үүнд өр зээл, улс төрийн бусад асуудал ч багтсан байсан, Зөвлөлтийн элчинд хандсан хандлага тэдэнд их гүнзгий ул мөр үлдээсэн байх гэж би боддог.
 
Зөвлөлтийнхөн Монголд Зөвлөлтийн эсрэг үзэл дэгдлээ гэсэн тийм ч ойлголттой байсан үе бий. Бүхэл зууны турш Монголыг өөрийнхөө халаасны улс гэж ойлгож явсан хүмүүс нэг өдөр нөгөөдүүл нь салж явна гэхээр итгэхэд хэцүү байсан байх л даа.
 
1990 оны 12-р сарын 26-ны өдөр ЗХУ-ын Коммунист намын төв хорооны улс төрийн товчоо Монголын асуудлыг хэлэлцсэн байдаг. ЗХУ-ын КГБ-с оруулсан хэдэн хуудас танилцуулга материал байдаг юм билээ. Тэрнийг би сүүлд үзсэн. Тэр материалын үндсэн дээр маш нууц 79/13 гэсэн дугаартай тогтоол гаргасан.
 
Энэ тогтоол нь Монголыг сална гэвэл бид хориг арга хэмжээ авна гэсэн утгатай юм билээ. Тэгээд 12-р сарын 28-нд ЗХУ Монголд бүх бартерийн худалдаагаа хаагаад, өөрсдийн Монголд нийлүүлдэг шатахуун бусад юмнууд дээр нэлээд хориг тавьж хүндрэл учруулсан. 1990 оны 7-р сарын 29-нд сонгууль болсны дараа л шууд 8-р сард 34000 тонн шатахуун нийлүүлэх тохиролцоотой байснаа 17000 болгож 50 хувь хасч эхэлсэн.
 
Энэ нь шатахуунаараа боомилох бодлого байсан. Гаалийн татвар гэхэд манай хивсэн дээр хүний санаанд багтамгүй 1500 хувь хүртэл нэмсэн. Тэр нэмсэн гаалийн татвар бараг одоо хүртэл үргэлжилсээр явж ирлээ шүү дээ. Түүнээс биш, хоёр орны хооронд байгуулсан гэрээ хэлэлцээрээр бол нэн таатай нөхцөлөөр харьцах ёстой. Энэ нь гаалийн татвар 15 хувиас дээшгүй байх тухай асуудал юм шүү дээ.
 
-ЗХУ-н удирдлагаас Монголын удирдагчдад шахалт , нөлөөлөл үзүүлж байсан уу?
 
-ЗХУ-ынхан удаан хугацаанд бэлтгэж шахалт дарамт үзүүлж байсан. 1988 оны 12-р сарын 21-нд болсон тавдугаар бүгд хурал үндсэндээ МАХН-ын төв хорооны удирдлагыг солих утгатай байсан. Тэр нь олигтой бүтээгүй. Дараа нь ардчилсан хөдөлгөөнийхнөөр дамжуулан нөлөөлөх бодлоготой байсан байх.
 
Нөгөө талын асуудал бол 1990 оны 79/13 тогтоол гаргасаныхаа дараа 27-ны өдөр Зөвлөлтийн элчин МАХН-ын дарга Г.Очирбат гуайтай уулзаж тэр тогтоолыг уншиж өгсөн байдаг. Уншиж өгөөд текстээр нь өгөлгүй, халааслаад гараад явчихсан. Монголын эсрэг хориг арга хэмжээ авлаа шүү гэдэгээ зарласан хэрэг л дээ.
 
-Анхны ардчилсан сонгуулийг хэрхэн явуулахаар болсон бэ? Сонгуулийн тогтолцоог хэрхэн шийдвэрлэсэн бол?
 
-4-р сарын үйл явдлуудын дараа улс төрийн яриа хэлэлцээ нэлээд идэвхтэй явсан. Тэгэхэд би сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч байсан. Сонгуулийн бэлтгэлийн эхэн үед Монголдоо байгаагүй. 4-р сарын 16-нд НҮБ-н 18-р тусгай чуулганд оролцохоор Нью-Уорк руу яваад, дараа нь АНУ-д Монголын засгийн газрын анхны ажлын айлчлал хийгээд 5-р сарын 07-нд буцаж ирсэн юм.
 
Тэнд байхдаа би Гунгаадорж гуайтай цэргийн хүч хэрэглэхгүй, тайван замаар шийдвэрлэнэ гэдэг зарчимаа утсаар яриад ойлголцчихсон байсан үе. 5-р сарын 11-нд би буцаад гадагш явсан, зах зээлийн орнуудын эдийн засаг, бодлогын онцлогийг судлах зорилготой нэг сарын аялал хийж баруун европ, япон зэрэг олон улсаар яваад 6-р сарын 11-нд ирсэн. Тэгээд шууд сонгуульд оролцсон.
 
Тэр үеийн сонгууль урьдах сонгуультай адилгүй. Олон улс төрийн хүчин өөрсдийн үзэл бодол, хөтөлбөрөөр уралдаж оролцсон. Хоёрдугаарт, санал авсан хүмүүсээ хамгийн олон санал авсанаар нь дараалуулаад Их хуралд оруулсан. Ардчилсан хувьсгал, ардчилсан хөдөлгөөн өрнөнө гэдэг бүх юм зохион байгуулалттай бодож төлөвлөсөн зүйл биш, тэр дунд янз бүрийн сонирхолууд, экстремист ч юм уу янз бүрийн хүнд үр дагаварт хүргэж болох сонирхолууд ч орж ирдэг л дээ.
 
Франц, Английн хувьсгалын дараа ч ийм л байсан, ер нь аливаа хувьсгалын дараа улс төрийн өнгөн дээр янз бүрийн юм хөвж гардаг юм. 7-р сарын 29-ны сонгуулийн үед засаг төрийг барьж байсан хүмүүсийн бодлого бол нэр дэвшигчдийн өөрийн жинхэнэ санаа, үзэл бодлыг олон түмэнд таниулах, тэр дундаас сонголт хийх боломж олгохыг зорьж байсан л даа.
 
Сонгуульд сонгогчид маш өндөр хувиар оролцсон. 40 хувь нь ардчилсан хүчний төлөө, 60 хувь нь МАХН-ын төлөө саналаа өгсөн. Гэхдээ хамгийн олон санал авсанаар нь тооцоход ардчилсан хүчинд өгсөн 40 хувийн санал Их хурлын нийт гишүүдийн 15 хувь л болчихсон.
 
Ийм нөхцөлд улс орныг хямралаас гаргах үндэсний зөвшилцлийн зарчимыг хэрэгжүүлэхэд төвөгтэй л дөө, их хурлын 85 хувь нь МАХН-аас, 15 хувь нь л ардчилсан хүчнээс байна шүү дээ. Харин 7-р сарын 31-нд МАХН-ын дарга Г.Очирбат төр засгаа эвслийн зарчмаар байгуулна гэдэгээ зарласан. Тэр бол улс төрийн уур амьсгалд маш хүчтэй нөлөөлсөн гэж боддог. Үүний үндсэн дээр 9-р сард Их хурал анхны чуулганаа хийж, эвслийн Засгийн газар байгуулсан.
 
-Эвслийн Засгийн газрыг хэрхэн байгуулав? Анхны эвслийн Засгийн газарт ямар бэрхшээл тулгарч байсан бэ?
 
-Эвслийн засгийн газар байгуулна гэдэг улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрийг хооронд нь нийлүүлээд, гэрээ хэлцэл хийж хатуу үүрэг хариуцлага хүлээх ёстой. Гэтэл тэр үед бидэнд тийм туршлага байгаагүй. Тэр үеийн МАХН-ын удирдлага намайг Ерөнхий сайдаар ажилла гээд их хурлаар оруулж шийдвэрлэсэн. Засгийн газар байгуулахдаа эхлээд нам дээрээ ярина л даа.Суудлаа яаж хуваахав гээд.
 
Мэдээж эдийн засаг их хүндэрчихсэн үед сайдууд гэдэг хүн бол тухайн салбараа маш сайн мэддэг, өндөр боловсрол мэдлэгтэй хариуцлагатай хүн байх ёстой. Нөгөө талаас бид шинэ тутам гарч байгаа улс төрийн хүчнүүдтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Тэдэнд үзэл бодлоо илэрхийлэх орон зай үлдээх хэрэгтэй шүү дээ.
 
Тэгээд Засгийн газраа 3 шадар сайдыг оролцуулан нийт 16 гишүүнтэй байгуулсан. Олонх сайдууд дээр бид намын удирдлагатай тохирч чадсан, намын удирдлагаас зөрж томилсон хоёр гурван сайдууд бий. Бусад улс төрийн хүчнүүдтэй хамтрахын хувьд тэдэнд шадар сайдын албыг өгч, шадар сайдууд ерөнхий сайдтайгаа шууд тулж ажиллаж, ЕС тэднийг шууд хариуцаад ажиллах боломжтой гэж үзсэн.
 
Тэр үеийн нэг онцлог нь одоогийнх шиг би сайд болоё гэж гүйдэггүй байсан. Шадар сайдаар ажиллуулах санал тавихад С.Зориг татгалзсан. Д.Дорлигжав бас татгалзахад нь “Та нар ажил хийхгүй юм бол яах гэж төр бужигнуулсан юм” гэж би загнаад түүнийг томилж байлаа. Тэр үед ийм өөр байсан. Бид юу хийж чадах билээ гэсэн хариуцлагаа ойлгодог байсан.
 
Эдийн засгийн асуудал хариуцсан шадар сайдаар Үндэсний дэвшил намаас Да.Ганболдыг томилсон. Социал демократуудын хувьд бага хурлын даргаар Р. Гончигдорж томилогдсон учраас засгийн газарт одоо шууд гишүүн оруулах боломж байхгүй гээд хоёр дэд сайдын суудал авсан.
 
Манай засгийн газрын дотроо ярьсан асуудал бол одоогийн байдлаа яаж сайжруулах, шинэ замаа хэрхэн олохов гэдэг дээр хамтарч ажиллахаас бус аль нэг нам гэж гүйхгүй гэж санал нэгдсэн байсан. Засгийн газар байгуулахад хамгийн гол нь яамд хариуцсан сайд нар маш өндөр мэргэжлийн хүмүүс байх ёстой, манай 16 сайдын 9 нь эрдмийн зэрэг цолтой байсан.
 
Шадар сайдын институц мөн их хэрэгтэй. Гурван шадар сайдтай байхад Д.Ганболд эдийн засгийн асуудлыг, Пүрэвдорж технологи, үйлдвэрлэлийн асуудлыг, Д.Дорлигжав эрхзүй нийгмийн асуудлыг зангидаж хариуцдаг байсан, бүх асуудлаа гурван бүлэг болгож хуваагаад шадар сайд нар хариуцахаар Ерөнхий сайд өөрөө хяналтын үүргийг хэрэгжүүлэх боломжтой болдог. 
 
-Тухайн үед хэдийгээр төрд өөр өөр намууд гарсан ч улс төрийн хувьд зөрчилдөөнгүй, улс орны эдийн засгийн хувьд маш хүнд байжээ? 
 
-Улс төрийн хувьд бид нэг зорилго дээр нэгдэж чадсан. Юу гэхээр Монгол өөрчлөгдөх ёстой, нэгэнт үеэ өнгөрөөсөн социалист нийгмээсээ салаад хүн төрлөхтөний нийтлэг зам руу орох ёстой, тусгаар тогтнол бүрэн эрхээ гартаа авах ёстой, дэлхий нийттэй нээлттэй харилцаанд орох ёстой гэсэн гурван зарчим дээрээ бид үргэлж санал нэгтэй, хэзээ ч зөрж байгаагүй, үүгээрээ бид дотороо тохироод явж байсан.
 
Эдийн засгийн хувьд маш хүнд байсан. Зөвлөлт шатахуунаа өгөхөө байчихсан, манай мал махны экспортыг хаачихсан, 1990 оны сүүлчээс бартерийн худалдаа хаачихсан хүнд байсан л даа. 1991 онд ЗХУ задараад унасны дараа бүр ч хэцүү боллоо шүү дээ. Гүржээс ногоон цай, Украйнаас ёотонгоо авдаг, Беларусаас трактор авдаг байсан чинь нөгөөдүүл чинь тусдаа улс болоод, дипломат харилцаа ч байхгүй худалдаа хийх тухай асуудал байхгүй болсон. .
 
Засгийн газрын хувьд маш хүнд асуудал бол эрх зүйн орчны асуудал байлаа. Бүх зүйл социализмын үзэл номоор явж байсан, Үндсэн хуулийн эдийн засгийн бүлэг нь тэр чигээрээ үйлчлэлийг нь зогсоосон үед Үндсэн хуульгүй ажиллаж байгаа юм шүү дээ.
 
Жишээлэхэд өмч хувьчлал явуулъя гэхэд битгий явуул гэж хэлэхгүй, явуулахад төрийн өмчид байсан зүйлийг яг ингэж явуул гэсэн эрх зүйн орчин нь байхгүй байсан. Тийм болохоор хэзээ нэгэн өдөр аль нэг улс төрийн хүчин төрд гарч ирээд төр засаг бужигнасан нөхцөлд Үндсэн хуулийн түвшинд зөрчил үүсгэсэн гээд биднийг хөтлөөд явахад бэлэн улсууд сууж байлаа.
 
Тэгээд янз бүрийн хуулиуд гаргах хэрэгтэй болсон. АН-тай нийгмийн бодлого, бусад салбарын хүрээний зүйлүүдээр ямар ч зөрчил үүсч байгаагүй. Нэлээд зовлонтой асуудал, боловсон хүчний асуудал байлаа л даа. Бүх аймаг, сумын дарга нар, яамдын ажилтнууд үндсэндээ МАХН төр барьж байх үед байсан хүмүүс хэвээрээ, энд ч, тэнд ч суулт болоод огцор гэсэн хоорондын тэмцэл явна л даа.
 
Манай хуучин кадрууд ч тэр үед учираа сайн ойлгоогүй байсан. Аз жаргалын захиа гэж бичээд өвлийн мал мах бэлтгэлийг тасалдуулах гэж оролдоно, УБ-н усан хангамжийг хүртэл тасалдуулах гэж оролдож байсан үе ч байсан л даа. Гэхдээ бид тийм зүйлийг үндэсний хэмжээний сөргөлдөөнд хүргэхгүйгээр хооронд нь яриад шийдэж чаддаг байсан. Эгзэгтэй үед гол нь яриа хэлэлцээр чухал. Шууд нүүрээрээ уулзаж л ярилцах хэрэгтэй.
 
-Анхны ардчилсан сонгуулийн үр дүнг 25 жилийн дараа харахад хэрхэн дүгнэж байна вэ? Ардчилсан хүчин олон суудал авч чадаагүй хэдий ч нийгмийг өөрчлөхөд их чухал үйл явдал болсон болов уу?
 
-Энэ бол монголын нийгмийн байгууллын өөрчлөлтийн эх л дээ. Ардчилсан сонгууль явуулна гэдэг ардчилсан хувьсгалын эхний том амжилт. Үүний үндсэн дээр бид Үндсэн хуулиа өөрчилж чадсан. Тэр үед монголчуудын нийгмийн сэтгэхүй ардчилалд их итгэж найдаж байсан. Хэдийгээр Их хурлын сонгуулиар ардчилсан хүчин Их хурлын гишүүдийн 15 хувийн суудал эзэлсэн ч гэлээ Бага хурал байгуулахдаа 40 хувийг ардчилсан хүчнүүдэд өгөөд 60 хувьд МАХН орж байгуулсан.
 
Өөрөөр хэлбэл сонгуулийн явцад ард түмний өгсөн саналын харьцааг баримталсан гэсэн үг. Энэ нь зөрчлийг шийдэхэд маш их нөлөөлсөн. 40 хувийн суудалтай ардчилсан хүчин гэдэг бол маш хүчтэй байр суурьтай болж байгаа юм. Тэгээд ч тухайн үед нам гэж намчирхаж зөрчилдөж байсан зүйл бараг байхгүй, ирээдүйг харж хуулиа баталж байсан.
 
-Анхны ардчилсан сонгуулиас хойш хэд хэдэн сонгууль боллоо. Сонгуулийн тогтолцооны хувьд ч өөрчилөгдсөн. Эдгээр сонгуулийн талаар таны бодол, алдаа оноо нь юу байгаа бол?
 
-Сонгууль маш их өөрчлөгдлөө. Өөрчилөгдөхдөө зарим зүйл гол агуулгаараа, бүр эсрэг утгандаа ортол өөрчлөгдлөө гэж хэлнэ. Социалист нийгмийн үед сонгууль явуулахад тойрогт ганц хүнийг л нэр дэвшүүлэнэ л дээ. Гэхдээ нэр дэвшүүлэхдээ хэн бэ гэдгийг долоо дахин шүүж үзээд, нэр муутай элдэв хэрэг төвөгт орооцолдсон, ажил унагасан хүнийг нэр дэвшүүлнэ гэж байхгүй шүү дээ.
 
1951 онд анхны их хурлын сонгууль явуулахад би 9 настай хүүхэд байлаа. Манай тойрогт гавьяат багш Цэвэгжав гэж хүнийг хотоос дэвшүүлж, би хөтөч нь болж явж байсан хүн л дээ. Тэр үед үнэхээр олны дунд нэр хүндтэй, хариуцлагатай хүнийг гаргаж тавьдаг байжээ. 1992 оны сонгуулиар тэр зарчим үндсэндээ хадгалагдсан.
 
Аль болох нэр хүндтэй, нийгэмдээ нэр нүүртэй хүнийг гаргахыг зорьсон. Түүнээс хойшхи сонгуулиудад энэ зарчим өөрчлөгдсөөр одоо бол мөнгөтэй бол хэн ч байж болно, улсын төсвөөс мөнгө идсэн байж болно, авилгын хэрэгт орооцолдсон хахууль авсан эсвэл элдэв будлианд орооцолдсон байж болно, мөнгөтэй л бол их хурлын гишүүн болж болно гэсэн ойлголт бий болжээ.
 
Энэ бол бидний зорьсон нийгэм ч биш, дээдэлдэг төр ч биш. Улс төрийн намууд хүнээ сонгохоос илүү төрийн сонгуульд оролцох эрхийг худалддаг болж. Сонгуульд оролцох бол намд 50 сая төгрөг өг гээд худалддаг. Орон нутагт очихоор бас мөнгө нэхнэ, орон нутгийн намын байгууллагад мөнгө өгөхгүй бол чиний төлөө явахгүй гээд гэдийгээд суучихдаг. Сонгууль маань их гажуудлаа. Энэ бол ардчиллын утга агуулга гажуудаж байгаатай л холбоотой асуудал.
 
Одоогийн Монголын ардчилалд шүүмжлэлтэй хандах асуудал бий. Уржнан жил ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн хурал Монголд болоход Мянмарын улс төрийн зүтгэлтэн эмэгтэй Ан Сан Су Чи хуурамч ардчиллыг Монголд сөхсөн нь үндэслэлтэй гэж боддог. Монголын ардчилал олигархуудын ноёрхол болж хувираад байна.Сонгууль ийм үр дүнд хүргээд байна.
 
Сүүлийн сонгуулийн хувьд намын жагсаалтаар гаргаж ирлээ. Уг нь европын орнуудад хэрэглэдэг, манайх 1996 онд судалж байсан тогтолцоо. Эргээд харахад намын жагсаалт нэрээр олон түмний дунд танигдаагүй, янз бүрийн хэрэгт орооцолдож нэр нь сэвтсэн хүмүүс орж ирж байна. Энэ нь сонгуулийн нэр хүнд, төрийн нэр хүндийг олон түмний дунд унагаж байна.
 
Пропорциональ систем дотороо муу юм агуулж болдогийг өнгөрсөн сонгуулиар харлаа шүү дээ. Нэгэнт улс төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөх боломжийг нь намд өгч байгаа бол намд маш өндөр шаардлага тавих учиртай.
 
Гэтэл одоо бизнесийн хэдэн бүлэглэл нийлээд нам байгууллаа гээд наймаалцаад төр барьж байна. Монголын ардчиллын зовлон бол бид үзлийн хувьд нэлээд мухардалд орлоо. Зөв замаа олох нь намуудын үндсэн асуудал.
 
-Сонгууль болоход жил хүрэхгүй хугацаа үлдлээ. Зөв зохистойгоор сонгууль явуулах боломж байна уу? Та хэрхэн харж байна вэ?
 
-Монголын улс төрийн тогтолцооны хувьд өөрөөр харах цаг болжээ. Ардчиллын замаар 25 жил явлаа, зөндөө туршлага хуримтлууллаа. Сайн ч юм үзлээ, муу ч юм их үзлээ. Эрүүл нүдээр харвал монголын улс төр, төрийн тогтолцоонд хоёрдахь хувьсгал эхэллээ. Үүнийг бид тэр бүр сайн ойлгоогүй байна.
 
Яаж эхлэв гэхээр гудманд жагсаал хийж эхлээгүй, Их хурал дотроосоо эхэлж байгаа юм. Захиргааны тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хариуцлагын тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль, Намуудын тухай хууль энэ таван хууль цогцоороо Монгол төрийн тавих шаардлага, төрийн хариуцлага, үзэл номлолыг өөрчилөхөд суурь болох ёстой юм.
 
УИХ наадмын өмнө дөрвөн хуулиа үндсэнд нь гаргачихлаа. Би галт тэрэг хөдөлчихлөө гэж бодож байгаа. Одоо намуудын тухай хуулийг гаргах үлдлээ.
 
Ерөнхийлөгчийн оруулсан Намуудын тухай хуулийн үзэл санаагаар намуудыг өндөр хариуцлагатай, олон түмэнд ил тод ажилладаг болгох түвшинд асуудлыг шийдэж чадах юм бол улс төр, нийгмийн тогтолцоогоо төлөвшүүлэх, засч залруулах хаалга нь нээгдэх юм. Энэ талаасаа би их өөдрөг бодолтой байгаа. Намууд энэ таван хуулийг дэмжиж, баримтлаад, өөртөө хандаж чадсан нь дараагийн сонгуульд амжилт олох боломжтой.
 
Б.Өөлүүн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг